Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг долоо хоног гэрийн ажиглалтад хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-07-09 15:39:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баруун-Уртад ес, Эрдэнэцагаан суманд нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 1365 боллоо. Эдгээрээс 996 хүн эмчлүүлэн бүрэн эдгэрчээ. 7 дугаар сарын 9-ний байдлаар АНЭ-т 267,  Түвшинширээгээс бусад 11 сумын ЭМТ-д 115, нийт 382 иргэн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна.

Аймгийн хэмжээнд 75 голомт бүртгэгдсэнээс одоогоор 55 нь идэвхтэй, 20 голомт нь идэвхгүй болж хаагдсан байна. Нийт голомтын 61,1 хувь нь зөөвөрлөгдөн иржээ.

Сүхбаатар аймаг 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 8-ныг хүртэл хөл хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Үүний үр дүнд 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд өмнөх долоо хоногоос батлагдсан тохиолдол 51-ээр нэмэгдэж, харин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 81,3 хувиар буурсан нь хөл хорио тогтоосны үр дүн гэж үзэж байгаа аж. Цаашид ч халдварын тохиолдол буурах төлөвтэй байсан ч Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх чиглэлд замын хөдөлгөөнөө нээсэн. Тиймээс эрсдэл дахин нэмэгдэх учир хүн бүрийг дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, чиглэлүүдийг дагаж мөрдөхийг уриаллаа.

Зам нээсэн ч орон нутагт халдварын голомттой бүс нутаг болон ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг долоо хоног гэрийн ажиглалтад хянаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 293 иргэн гэрийн ажиглалтад байна.

 

 

Холбоотой мэдээ