Улаанбаатар хот, бусад аймгаас ирж байгаа иргэдийг шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-09 16:03:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос шийдвэр гарсны дагуу аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.7.8/ хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд;

1. Аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аялал, зугаалгаар ирж байгаа болон дамжин өнгөрч байгаа иргэдийг бүртгэл мэдээлэлийн системд бүртгэлжүүлж нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нарт

2. Аймгийн нутаг дэвсгэрт ирж байгаа иргэдээс халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан өрхийн нэг том хүн, бүрэн тунд хамрагдаагүй 5-аас дээш насны нэг хүүхдээс 24 цагийн дотор авсан PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт

3.Амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газруудын үйл ажиллагааг нээж, хариуцлагын гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг дарга нарт

4.Иргэд, олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, эмийн сан, хүнс, шатахуун, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авахаас бусад тохиолдолд суурин газар, хот айлаар оруулахгүй байхад анхаарч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумын Засаг дарга нарт тус тус даалгав.

5.Амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газруудад нэгдсэн заалаар хооллох, гэр бүл аяллын багууд хооронд аливаа хэлбэрээр нэгдэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэргийг хориглолоо.

6.Замын хяналтын постууд болон төв суурин газруудад коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэгүүдийг хувийн хэвшилд тулгуурлан оновчтой хэлбэрээр зохион байгуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газарт даалгалаа.

Холбоотой мэдээ