Зөөврийн болон битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-28 11:17:40

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу орон нутгийн цагаар өглөөний 8 цагаас, оройны 19 цаг хүртэл явагдаж байна гэж Ховд аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.

Үүнд эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, Дайчилгааны тухай хуулинд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдаж ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгогч хамаарна.

Мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал зэрэг сонгогч хамаарах юм байна.

Эдгээр хүмүүс санал авах байранд нэг хоногийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх юм.

Мөн ойрын өдрүүдэд хур бороо элбэгшиж, томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үер усны аюулаас сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байна.

Ховд аймгийн Булган гол, Ховд гол, Сэнхэрийн гол, Боорж  зэрэг томоохон голуудын усны түвшин их байгаа учир сонгогчдыг санал өгөхөд саад учруулахгүй байх арга хэмжээ авахыг аймгийн Сонгуулийн хорооноос Онцгой байдлын газарт үүрэг өгөөд ажиллаж байна.        

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ