Байгалийн дурсгалт газар "Ээж хайрхан уул"

Фото
185@montsame.mn
2021-07-21 12:10:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас орон нутгийнхаа байгаль, түүхийн дурсгалт болон улсын тусгай хамгаалалттай газруудыг олон нийтэд цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа "Ээж хайрхан уул"-ын байгалийн дурсгалт газрыг танилцуулж байна.

“Ээж хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж хайрхан уул” тод ялгардаг.

Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтад авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Нийтдээ 22475 га талбайг эзэлнэ. 

“Ээж хайрхан уул” нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон нүцгэн цулдам, хад чулуурхаг өнчин уул юм. Ерөнхий төрх нь хойноос урагш өндөршиж сунасан майхан хэлбэртэй, цац суварган оргилтой. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2274 м өндөрт өргөгдсөн бөгөөд дундаж өндөр нь 1600 м болно. Уулын аль ч өндөрлөгийн хажуу дунджаар 50 орчим градусын налуу бөгөөд элгэн улаан хаднаас тогтжээ.

Ялангуяа гол оргилын урд тал ихээхэн шовх, түүний орой хэсэгт жигүүртнээс өөр амьтан гарах боломжгүй эгц цавчим халил цохиотой. Мөн цөлийн гандуу хуурай нөхцөлд орших тул гадарга нь цөлийн өгөршилд автаж бараан өнгөтэй болсон байна. 

“Ээж хайрхан уул”-ын үзэсгэлэнт байдал, өвөрмөц тогтоц нь боржин чулуулгийн өгөршлийн хэлбэрүүдтэй ихээхэн холбоотой юм. 

Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Эдгээр тогооны усыг шинжлүүлэхэд рашааны чанартай болох нь тогтоогдоод байгаа юм. 9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Мөн тогоонуудын төгсгөл болох газраас булаг маягтай шүүрдэг ус гарч байдаг. Эдгээрээс гадна Ембүү хаданд ,мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.