Гвиней Олимпын наадамд оролцохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-22 09:53:24

КОНАКРИ. /Kommersant/. Гвинейн шигшээ баг, тамирчид коронавирусний цар тахлын улмаас Токиогийн Олимпын наадамд оролцохгүй гэж тус улсын Спортын сайд Санусси Соу мэдэгджээ.


Олимпын наадмын нээлтийн ёслол 7 дугаар сарын 23-нд болох билээ. Тэмцээнүүдэд Гвинейн 5 тамирчин оролцох ёстой байсан аж. Тодруулбал, чөлөөт бөхийн төрөлд Фатумата Яри Камара, жүдогийн төрөлд Мамаду Самба Ба, усанд сэлэлтийн төрөлд Фатумата Ламарана Туре, Мамаду Таиру Ба нар оролцох байсан бол 100 м-ийн гүйлтэд Аиссата Деэн Конте өрсөлдөх ёстой байжээ.


“Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовниж буй бөгөөд харамсалтай нь бид Олимпын наадамд оролцохоос татгалзах шийдвэрийг гаргалаа” хэмээн Соу Гвинейн Олимпын хорооны тэргүүнд илгээсэн захидалдаа дурдсан байна.


AFP” агентлагийн мэдээлснээр, наадамд оролцохоос татгалзах шийдвэр гаргасан нь мөн санхүүгийн асуудалтай холбоотой байжээ.


Олимпын наадамд оролцохоос татгалзаж буйгаа өмнө нь БНАСАУ мэдэгдсэн юм. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргасан нь мөн л коронавирусний халдварт өвчнөөс тамирчдаа хамгаалахыг хүссэнтэй холбоотой юм.


“Токио-2020”-г зохион байгуулах хорооны цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, 7 дугаар сарын 1-нээс хойш Олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой ажиллаж буй хүмүүс дунд коронавирусний халдварын нийт 79 тохиолдол илрээд байгаа аж. 

Холбоотой мэдээ