“Хүүхдийн төмөр зам” цогцолбор наймдугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-23 13:53:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Миний-Монгол” цогцолборт барьж буй Хүүхдийн төмөр зам”-ын цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явц 80 гаруй хувьтай байна. Одоогоор 2.5 км төмөр замын ажил дууссан. Депо болон Өртөөний барилгын ажлууд үргэлжилж байна. "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн санаачилгаар өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн бүтээн байгуулалт ирэх сард бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хүүхэд, багачуудад зориулсан уг ажлыг байгуулахаар өнгөрсөн оны есдүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг дарга, “УБТЗ” ХНН-ийн даргатай хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Цар тахал, хөл хорионы улмаас төлөвлөсөн хугацаанаас багагүй хоцорч яваа аж.

Хүүхдийн төмөр зам цогцолбор нэг өртөө, 3 зогсоол, 4 гарамтай бөгөөд Өртөөний байр нь монгол гэрийг илэрхийлсэн хэлбэр загвартай ажээ. Барилгын ажил дуусахтай зэрэгцэн ОХУ-аас тус бүр нь 34 хүний суудалтай 2 жижиг вагон, зүтгүүр зэрэг хөдлөх эд ангийг оруулж ирэх аж.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Онцгой комиссоос 2021 оны 9 дүгээр сарын 1 хүртэл Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон Дархан хотын 60 жилийн ойд зориулсан бүтээлч ажлууд хэвийн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ