Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-07-24 20:27:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-нд Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан болно. Уг хурлаар Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, засаг даргыг сонгоно.  

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалт болон холбогдох бусад хууль тогтоомжид багийн Засаг даргыг 4 жилийн хугацаатайгаар томилж ажиллуулах хуулийн заалттай.

Хуулийн дагуу багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дууссан. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2021.04.29-ний өдрийн/ хуулийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийтийг хамарсан хурал цуглаан, үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон. Иймд БИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах хугацаа хойшлогдсон байсан. Учир нь  аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарт 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах чиглэл Засгийн газраас өгсөн.

Үүний хүрээнд Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2021.07.20-ны өдөр хуралдаж, Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт нэгэн зэрэг эхлүүлж, санал хураалтыг товлосон цагт дуусгах тухай тогтоол шийдвэрийг гаргажээ.

БИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах байршлын тухайд:

Дархан сумын 1-р баг ДДС ТӨХК-ийн хурлын заал

Дархан сумын 2-р баг 13-р цэцэрлэг

Дархан сумын 3-р баг 4-р сургууль

Дархан сумын 4-р баг 18-р сургууль

Дархан сумын 5-р баг 15-р сургууль

Дархан сумын 6-р баг 1-р сургууль

Дархан сумын 7-р баг 12-р /Энэрэл цогцолбор/

Дархан сумын 8-р баг 16-р сургууль

Дархан сумын 9-р баг ОИЦ-ын Б байр

Дархан сумын 10-р баг ОИЦ-ын А байр

Дархан сумын 11-р баг 9-р сургуулийн Биеийн тамирын заал

Дархан сумын 12-р баг 9-р сургуулийн Хурлын заал

Дархан сумын 13-р баг Од цогцолборын А байрны Биеийн тамирын заал

Дархан сумын 14-р баг Од цогцолборын Б байр

Дархан сумын 15-р баг ШУТИС-ийн ДТС-ийн байр

Дархан сумын 16-р баг Од цогцолборын А байрны Хурлын заал

Өргөө баг Дархан Политехникийн коллеж

Малчин баг Дархан Политехникийн коллеж тус тус болно.

Холбогдох хууль журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн нэг танхимд 30 хүнээс хэтрүүлэхгүй байхаар зохион байгуулж, хуралдааны танхимуудыг цахимаар холбоно. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгүүд гарч ажиллаж байна.

БИНХ-д тухайн багийн 20-30 өрх тутмаас нэг иргэн ирсэн тохиолдолд хуралдаан хүчинтэй. Журмын дагуу БИНХ-ын дарга, тэргүүлэгчид, багийн засаг даргыг нэр дэвшүүлэхэд мандатын тоонд багтсан байвал илээр санал хураана. Мандатын тооноос илүү нэр дэвшигч байвал нууцаар санал хураах зохион байгуулалттай ажээ.


Холбоотой мэдээ