Казахстанд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-24 13:49:07

НУР-СУЛТАН. /ТASS/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Казахстанд коронавирусний халдварын 6251 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойших өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Нийт халдварын тохиолдлын тоо 522538-д хүрлээ гэж Казахстаны халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх комисс мэдэгдэв.


Хүн амын тоотой харьцуулахад халдварын тохиолдол 2.7 хувийг эзэлж байгаа бол сүүлийн 24 цагийн хугацаан дахь үзүүлэлтийг харьцуулахад 0.03 хувь байжээ.


Өнгөрсөн хоногт 2802 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн хүний тоо 444 239-д хүрсэн байна. Харин халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 64-өөр нэмэгдэж, 5308 болжээ.


Казахстаны бүс нутгуудаар “Дельта” хувилбар тархсан тухай “Astanatimes” цахим хуудас 7 дугаар сарын эхээр мэдээлжээ. Тус улсад 414 дээжийг “дельта” хувилбар илрүүлэх шинжилгээнд хамруулахад Нур-Султан, Алматы, Чимкент зэрэг бүх бүс нутаг, хотоос цуглуулсан дээжний 48.3 хувьд нь “дельта” хувилбар илэрсэн байна.


Казахстан 2 дугаар сарын 1-нээс Оросын “Спутник V” вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Харин 4 дүгээр сарын 26-наас дотоодын “QazVac” вакцинд иргэдийг хамруулах болсон байна. Үүний дараа "Самрук-Казына" сан Хятадын “Sinopharm” компанийн “Hayat-Vax” вакцинаас 1 сая тунг худалдан авчээ.


Эхний тунгаа Казахстанд 5 098 010 хүн хийлгэсэн бол хоёр дахь тундаа 3 170 893 хүн хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ