Зургаан суманд гамшиг, осол тохиолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-24 20:23:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-аас дараах мэдээллийг өглөө.

Аймгийн хэмжээнд 7-р сарын 9-нөөс 17-ныг хүртэл хугацаанд Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, Тариат суманд усархаг болон дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас нийт 11 гэр, 2 малын хашаа, 2 мотоцикл, 2 автомашин, 2 байшин, 8 үхэр, 3170 хонь, 1654 ямаа, 3 хурга үерт өртсөн байна. Аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн үер усны ослоос 12 том хүн, 8 хүүхдийг авран хамгаалжээ. 

ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа  Д.Цэрэндорж:

-Эдгээр өдрүүдэд тохиолдсон гамшиг ослын дуудлагаар аймгийн ОБГ-аас давхардсан тоогоор 40 гаруй бүрэлдэхүүн, 9 автомашинтай ажиллалаа. Мөн сумдын мэргэжлийн ангиуд газар дээр нь ажилласан. 

Гамшиг ослын дуудлагуудыг тодруулбал:

-07.09-нд Ихтамир сумын Бугат багийн Булаг гэдэг газарт мөндөр, аадар бороо орсны улмаас үер бууж, 3 айлын гэр нуран урссан. Энэ үеэр 500 га талбай үерт өртсөн байна. 

-07.12-ны 22:30 цагаас 07.13-ны өдрийн 02:00 цагийн орчимд Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Овооны ар, Мухарын ам гэдэг газарт 89.0 мм-ийн хур тунадас орж, салхины хурд 9 м/сек хүрч, мөндөр, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан. Энэ үеэр 1 гэр нурж урсан, 8 малчны нийт 181 хонь, 192 ямаа, 8 үхэр үерийн усанд урсаж хорогдсон.

-07.12-ны 23:45 цагийн үед Эрдэнэбулган сумын 3-р баг Хоршооллын Хунгийн булаг гэдэг газарт аадар бороо орсны улмаас 1 автомашин усанд автаж унасан. 

-Батцэнгэл сумын Дайр бор багийн Улаантолгой гэдэг газарт 07.12-ны 21.00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Хойд Тамирын гол далангаасаа хальж, эрэг дээр буусан айлууд үерт автсан дуудлагаар очиж, гэрээс 6 том хүн, 15 хүүхдийг аврах ажиллагаа явуулсан. 

-07.12-ны 21.00 цагийн орчимд Өгийнуур сумын Тоглох багийн Тоглох толгой гэдэг газарт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас урд Тамирын гол далангаасаа хальж, эрэг дээр буусан айлууд үерт автсан тухай дуудлагаар очиж, үерт автсан гэрээс 8 том хүн, 1 хүүхдийг завиар зөөвөрлөн гаргаж аврах ажиллагаа явуулсан.

-Өлзийт сумын Байшир багийн Зэгст, Цулын шанд гэдэг газруудад 07.12-ны 22:25 цагаас 13-ны 01:00 цагийн хооронд 41.0 мм-ийн хур тунадас орж, салхины хурд 16-20 м/сек хүрч, мөндөр, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан. Энэ үеэр 4 гэр, 2 байшин, 1 хаваржаа урссан. Нийт 6 хонь, 3 ямаа, 3 хурга үерийн усанд урсаж хорогдсон.

-Цэнхэр  сумын Буйлан багийн Хадат гэдэг 07.12-ны 23:50 цагаас 13-ны 03:00 цагийн үед 32.0 мм-ийн хур тунадас орж, салхины хурд 9 м/сек хүрч, мөндөр, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан. Энэ үеэр 1 айлын гэр нурж урсан, 3 тугал, 54 хонь урсаж хорогдсон.

-Батцэнгэл сумын Баян уул багийн Ногоон нуур, Цац баг Хужирт гэдэг газар 07.12-ны 23:00 цагаас 13-ны 06:30 цагийн үед салхины хурд 10-14 м/сек, 68.0 мм-ийн хур тунадас, мөндөр, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан. Энэ үеэр 32 айлын 5 гэр, 2 малын хашаа, 2 автомашин, 1 мотоцикл эвдэрч сүйдэн, 2979 хонь, 1459 ямаа үерт өртөж хорогдсон байна.

-07.17-ны өдөр Тариат сумын Хорго багийн Ар үзүүрийн ам гэдэг газар Төв аймгийн Өндөрширээт сумаас 12 хүн зугаалж явсан иргэн Б.Б /42 настай, эрэгтэй/ хийлдэг завиар ганцаараа Тэрхийн Цагаан нуур руу орж, завь нь хөмөрч осолдсон дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан эрлийн ажиллагааг 2 өдөр явуулан нуурын баруун хойд хэсгээс 50 метрийн зайд, 10 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, осолдсон хүнийг 07.18-ны өдрийн 10:28 цагт олж, цагдаагийн ажилтан болон ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.


Холбоотой мэдээ