БНАСАУ Солонгосын дайн дууссаны ойг тохиолдуулан ахмад дайчдын бага хурал зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-26 09:50:24

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 68 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдын үндэсний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээлжээ.


“Эх орноо чөлөөлөх дайны ялалтын 68 жилийн ойг тохиолдуулан Ахмад дайчдын үндэсний долоодугаар бага хурлыг Пёньян хотноо зохион байгуулна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.


Солонгосын дайн 1953 оны долоодугаар сарын 27-нд түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан нь БНСУ, БНАСАУ-ыг техникийн хувьд өдийг хүртэл дайныг байдалд байлгаж байгаа юм. БНАСАУ уг дайныг Эх орноо чөлөөлөх дайн хэмээн нэрлэдэг бөгөөд түр эвлэрлийн гэрээ байгуулсан өдрийг ялалтын өдөр гэж үздэг.


KCNA” агентлагийн мэдээлснээр, Ахмад дайчид бага хуралд оролцохоор Пёньянд ням гарагт ирсэн бөгөөд намын төлөөлөгчид тэдэнд баяр хүргэж, гэрчилгээ гардуулахаар байрлаж буй байранд нь зочилсон байна. Тус агентлаг бага хурал хэзээ болох талаар мэдээлээгүй боловч ойн баярыг угтан зохион байгуулах төлөвтэй байна.


Ажиглагчдын үзэж буйгаар, дэлхий дахиныг хамарсан коронавирусний цар тахлын улмаас эдийн засгийн хямрал гүнзгийрч буй энэ цаг үед дотоодын нэгдмэл байдлыг энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бэхжүүлэхийг эрмэлзэж буй бололтой байгаа ажээ.


БНАСАУ ахмад дайчдын бага хурлыг анх 1993 онд буюу дайн дууссаны 40 жилийн ойгоор зохион байгуулж байжээ. Тийнхүү 2011 онд удирдагч Ким Жөн Ун төрийн эрхийг авснаас хойш 2012, 2013, 2015, 2018, 2020 онд тус тус зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ