ХСҮТ-тэй хамтран ажиллахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-27 20:34:51

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Мөн ХСҮТ-ийн Биохимийн болон Молекул биологийн лабораторид ашиглагдаж буй шинжилгээ, оношлогооны зарим тоног төхөөрөмжийн хүчин чадал, явуулын лабораторийн тоноглол бүхий автомашин зэргийг үзэж сонирхсон байна. Хөдөө орон нутагт эрт илрүүлэг хийх нөхцөл, боломжийн талаар мэргэжлийн тайлбар ч авчээ. 

Цаашид “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, нарийн мэргэшүүлэх ажлуудын хүрээнд ХСҮТ-тэй хамтран ажиллахаар болсон байна. 

Хавдрын эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын төв 2020 онд Цэцэрлэг хотод ашиглалтад орсноор Архангай аймгийн хүн амын дунд түгээмэл байдаг хөх, элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдрын эрт  илрүүлгийг орон нутагт хийж, хорт хавдрыг эрт үед нь эмчлэх боломж сайжирч нэмэгдэх юм. 

Улсын хэмжээнд жил бүр хавдрын 6800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, түүний 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 66 хувь нь эмчлэгдэж чадалгүй амь нас нь эрсддэг байна.

Холбоотой мэдээ