Архангай аймгийн ХАА-н үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэхээр зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-28 16:38:12

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байгаа аж. Тэрээр Архангай аймгийн ХАА-н үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэхээр зорьж, олон төрлийн судалгаа хийлгэж байгаа юм байна. Архангай аймгийн сумдад байгаль цаг уурын нөхцөлд тохирсон газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, мал аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг бий болгох, улмаар ХАА-н бүтээгдэхүүнийг хадгалах, нийлүүлэх тогтолцоо бий болгох зорилгоор ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн судлаачдын баг судалгаа хийснээ танилцуулсан байна.

Мал аж ахуйн салбарын тухайд аймгийн хэмжээнд бод малын хээлтэгч 33-38 хувь, бог малын хээлтэгч 40-45 хувь байгаа нь мал үржүүлэг, нөхөн үржихүйн бодлого алдагдаж, нийт сумдын бэлчээрийн даац 2.3-3.2 дахин хэтэрснийг харуулжээ. Цаашид малын тооны өсөлтөөс хамаарах эрсдлийг бууруулж, нэгжийн ашиг шим, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үржлийн бодлого хэрэгжүүлэхэд төр, захиргааны болон өмчийн эздийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар ярилцжээ. Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, өртөг шингээх, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, хөдөөд шинэ технологи нэвтрүүлэх төслүүдийг дэмжих, мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх боломж байна гэж харж буй.

Газар тариалангийн салбарын тухайд Төвшрүүлэх сумын атаршсан 5000 га талбайд ногоон тэжээл тариалбал 12200 тн ургац буюу 400 мянган боодол ногоон тэжээл хураан авах боломжтой.  Гэвч гадаргын ус, урсгал гол мөрөн болон үрийн агуулах байхгүйгээс одоогоор энэ боломжоо ашиглаж чадахгүй байна. Зарим сумдад ногоон тэжээл, төмс болон хүнсний ногоо тариалахад зохимжтой бөгөөд хөрсний үржил шимээс шалтгаалж, бордоо байнга хэрэглэх шаардлагатай. Тухайлбал Цэнхэр суманд 40-60 га, Батцэнгэл суманд 25-30 га, Эрдэнэбулган суманд 60-70 га талбайд, бусад сумдад 10 хүртэл га талбайд төмс, хүнсний ногоо,  ногоон тэжээл тариалах боломжтой гэдгийг судалгааны багийнхан танилцуулсан байна. 

Хүнсний ногоо хадгалах зоорийн хангамж дөнгөж 2.98 хувьтай байгаа нь туйлын хангалтгүй бөгөөд цаашид Эрдэнэбулган суманд 500 тн хүчин чадалтай гурван зоорь, хөдөөгийн сумын төвүүдэд 40-50 тн багтаамжтай зоорь шаардлагатай ажээ. Мөн газар тариалангийн техникийн дундын үйлчилгээний төв байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ