Баян-Өлгийн нутгаар наймдугаар сард хуурай, гандуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-29 11:28:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур тухайн хугацаанд нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 хэмээр сэрүүцнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31 хэм хүрч хална.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Тухайн сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байгаа нь хуурай гандуу байх нөхцөл бүрдэх, мөн гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүцэж, хөрсөн дээр цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Холбоотой мэдээ