Ачааны автомашины даац хэтрүүлснээр авто замд эвдрэл үүсэх нөхцөл бүрдүүлж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 14:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож буй ачааны 35 автомашинд тэнхлэг даацыг шалгахад 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж байв.


Энэ сард Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран хийсэн зургаан удаагийн шалгалтаар ачааны 103 автомашины ачаа тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийхэд 68-д нь нэг тэнхлэгт ногдох даац хэтрүүлжээ.


Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, норм стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. 


Гэсэн ч ачааны автомашинууд даацаа хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв. Нэг тэнхлэгт ногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гарах нөхцөл бүрдүүлдэг байна.


Стандартын дагуу нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тонн, хөтлөгдөх тэнхлэг дээрх ачаалал 10 тонноос ихгүй байх аж.

 

Холбоотой мэдээ