“Алтан намар” төсөл дахин хэрэгжиж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-07-30 18:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ ТББ-аас зохион байгуулж буй зорилтот ажлуудын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Монголын залуучуудын хөдөлмөрийн төв биржээс “Yes, Алтан намар”  аяныг зохион байгуулж байна.


МЗХ ТББ-аас “Намрын ажил” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хугацаанд нийт 1000 гаруй оюутан намрын ажилд хамрагдсан байна. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил зогссон ч энэ жил тариаланчдыг хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залууст түр ажлын байр бий болгох зорилгоор дахин хэрэгжүүлж эхлээд байна.        




Монголын оюутны холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа уг аян 8 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 1000 гаруй залуусыг хамруулахаар төлөвлөжээ.


Залуучуудын хөдөлмөрийн биржийн захирал Т.Энхмөрөн, “Аяны хүрээнд реалити шоу хийж, залуусын ажил хийх хүслийг төрүүлж, намрын ажлын дурсамж, түүхийг үлдээх юм. Мөн оюутан залуус сайн хамрагдаж, хүн хүчний нөөц шаардлагатай тариаланч, хөдөлмөрчид маань бидэнтэй холбогдож аянд идэвхтэй оролцох боломжтой” гэв.




Уг аяны ач холбогдол нь залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, манлайлал,  хувь хүний хөгжлийн сургалт, англи хэл, гитарын сургалт явуулж бусад сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг багтаасан тул олон талын чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг залууст олгож байна.


Аянд хамрагдсан залуус Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул гэсэн 5 аймагт хуваарилагдан 8 дугаар сарын 15-ны өдөр МЗХ-ны байрнаас хөдлөх ажээ.      




Р.Батхишиг 


Холбоотой мэдээ