Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага жилд 4 тэрбум бүртгэгддэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн гишүүд Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсний дата төв”-ийн ажилтай энэ сарын 3-нд танилцлаа.
Ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.
Мэдээлэл харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжлийг дагаад цахим аюулгүй байдлыг хангах шаардлага зүй ёсоор тавигдах болсон. НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас кибер аюулгүй байдлын индексийг хууль, эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй ажил, зохион байгуулалт, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн үзүүлэлтийг үндэслэн гаргадаг байна. Манай улс кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг зэрэг үндэслэлээр 2017 онд 104, 2018 онд 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага 2013 оноос хойш эрчимжиж байна. Тодруулбал, жилд дунджаар 4 тэрбум орчим нь халдлагын шинжтэй хандалт ирдэг аж. Мөн зөвшөөрөгдөөгүй 3 тэрбум орчим хандалт байдгийг Үндэсний дата төвийн удирдлагууд онцлов. Эдгээр цахим халдлагуудыг бүртгэх, хамгаалах нь тус төвийн үүрэг бөгөөд дөрвөн ээлжээр тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Олон улсын туршлагаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь өдөр тутам хөгжих технологийн хөгжил, тасралтгүй нэмэгдэх халдлагын төрөл зүйл, хэрэглэгч байгууллага, хүний ур чадвараас хамаарсан нарийн төвөгтэй асуудал байдаг. Чадварлаг мэргэжилтнүүдийг төсвийн цалингаар тогтоох хэцүү гэдгийг ч дурдсан юм.
УИХ-ын гишүүүн Н.Учрал, “Манай улс төрийн үйлчилгээг цахимжуулах бодлого баримталж байна. Үүний тулд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн ямар мэдээллээ ил тод, ямрыг нь хаалттай байлгах вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Хувь хүний нууц болон мэдээллийг хэрхэн хамгаалах тухай ч ярина. Төр иргэдийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Энэ талаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг төрийн өөр өөр байгууллагад хариуцуулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг нэг байгууллага хариуцдаг байсан. Цахим засгийн хөгжил, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг хийхэд мэдээллийн технологийн шийдлээс гадна хууль, эрх зүйн орчныг таатай болгох, төрийн байгууллагуудын манлайллыг бий болгох нь маш чухал юм. Засгийн газрын яам, агентлаг бүр мэдээллийн технологийн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг болжээ. Үүнээс болоод үр ашиггүй хөрөнгө оруулалт ихсэх, салбарын нэр хүнд унах, хоорондын уялдаа холбоо муутай, чанарын шаардлага хангахгүй, насжилт богинотой системүүд тал талд бий болсон. Цахим гарын үсгийн тухай хуулийг батлаад 10 гаруй жил болж байгаа ч хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Тоон гарын үсгийн үйлчилгээн гурван компани олгож байна. Одоогоор 35 мянган тоон гарын үсэг олгосон нь маш чамлалттай. Цахим засаглалыг хөгжүүлэхийн тулд суурь дэд бүтцийг бэхжүүлэх хэрэгтэй. УИХ-аас цахим засаглалын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод авах цаашлаад төр авлигагүй болох нь чухал. Мөн эдгээр хуулийн төслүүдийг баталснаар улс орны аюулгүй байдлын индекс өснө. Эдийн засаг, санхүүгийн салбарт ч ахиц гарна. Хөрөнгө оруулагчдын тавьдаг зарим шалгуурыг хангаж эхэлнэ. Мөн бид Виртуал хөрөнгө оруулалт буюу дижитал хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар зорьж байна” хэмээн онцоллоо.