Ж.Байден: Нью-Йоркийн захирагч огцрох ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-04 14:12:47

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон эмэгтэйд дарамт үзүүлж байсан нь хараат бус шалгалтаар тогтоогдоод буй Эндрю Куомод Нью-Йорк муж улсын захирагчийн албан тушаалаасаа огцрохыг уриалжээ.


Э.Куомо муж улсын болон холбооны хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг Нью-Йорк муж улсын Ерөнхий прокурор Летициа Жеймс мэдэгдсэний дараа Ж.Байден тус муж улсын захирагчийг ийнхүү зэмлэн буруушаасан байна.


Үүний хариуд, Э.Куомо хэнд ч зүй зохисгүй хандаж байгаагүй хэмээн дээрх мэдэгдлийг үгүйсгээд, албан тушаалдаа үлдэнэ гэдгээ амлажээ.


Нью-Йоркийн захирагчид одоо итгэл үзүүлэх эсэх буюу импичмент зарлаж магадгүй байгаагаас гадна тусдаа эрүүгийн хэрэг үүсгэхээр болоод байна.


“Түүнийг огцрох ёстой гэж бодож байна” хэмээн Ж.Байден Цагаан ордонд мягмар гарагт сэтгүүлчдэд хэлжээ. “Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг мужийн хууль тогтоох байгууллага шийдэх байх. Гэхдээ холбогдох бүх мэдээлэлтэй танилцаагүй байгаа тул тухайн асуудлын талаар сайн мэдэхгүй байна” гэж тэрбээр ярьжээ.


Өнгөрсөн онд хэд хэдэн эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн захирагчийн эсрэг гомдол гаргасантай холбогдуулан Ерөнхий прокурорын мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.


Тийнхүү мөрдөн байцаагчид холбогдох албаны ажилтнууд болон түүний эсрэг гомдол гаргасан хүмүүсийг оролцуулан 200 орчим хүнээс мэдээлэл авахад таван сарын хугацаа зарцуулжээ. Үүний зэрэгцээ олон мянган бичиг баримт, бичвэр, гэрэл зургийг шалгасан байна.


“Хараат бус мөрдөн шалгах ажиллагаагаар захирагч Э.Куомо олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, холбооны болон муж улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Л.Жеймс мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Э.Куомо бусдын биед зөвшөөрөлгүйгээр хүрч, олон удаа доромжилсон үг хэлжээ. 

Холбоотой мэдээ