МСС Германы компанитай зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-05 18:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мянганы Сорилтын сан (МСС) Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах ажлын гэрээг саяхан үзэглэсэн. Тэгвэл Герман улсын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компанитай зөвлөх үйлчилгээний гэрээнд өчигдөр мөн гарын үсэг зурлаа. 

Тодруулбал, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн нарийвчилсан зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээг хоёр тал цахимаар үзэглэлээ. Гэрээнд Монголын МСС-г төлөөлж гүйцэтгэх захирал Э.Содонтогос, гэрчээр гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ХБНГУ-ын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компанийг төлөөлж тус компанийн Ази, Номхон далайн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан гүйцэтгэх захирал Александр Бом, гэрчээр инженер Торбен Андерсен нар гарын үсэг зурав.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоорондоо харилцан уялдаа бүхий 3 төслийн нэг юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, бусад дэд бүтцийн хамт барьж байгуулна. Төсөл хэрэгжсэнээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн хаягдал уснаас хоногт 50,000 хүртэл метр кубыг дахин боловсруулж, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-д техникийн зориулалтаар эргүүлэн ашиглах замаар аж үйлдвэрийн салбарт ашиглаж буй гүний цэвэр усны хэрэглээг жилд 15-18 сая хүртэлх куб метрээр бууруулж,  газрын доорх усыг энэ хэмжээгээр хэмнэх юм. 




Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болох бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хязгаарлагдмал усны нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Дээрх зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд “Фихтнер Ватер энд Траспортэйшн” компани дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах багц ажлыг хийж гүйцэтгэх юм.


“Фихтнер Ватер энд Транспортэйшн” компани нь олон улсад нэр хүндтэй ХБНГУ-ын томоохон инженерийн компаниудын нэг болох “Фихтнер” группийн охин компани аж. Дэлхийн 100 гаруй улс оронд ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдал, зам тээвэр, байгаль орчны инженерчлэл, уул уурхай, геологийн судалгаа болон далайн дундах салхины эрчим хүч үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь АХБ-ны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх төслийн  зөвлөхөөр ажилласан туршлагатай бөгөөд цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг тус компанийн боловсруулсан зураг төслөөр гүйцэтгэж байгаа юм.

“Фихтнер Ватер энд Транспортэйшн” компанийн боловсруулсан зураг төслөөр дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийг өөрчлөх ажлыг цогцоор нь гүйцэтгэх компанийг 2022 оны сүүлээр сонгон шалгаруулна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зарласан бөгөөд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулах юм.  




Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-нд гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах 2 томоохон үйлдвэр байгуулна. 

Үүнээс гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.


Холбоотой мэдээ