Томас Бах: Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ, Баярлалаа Токио

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-08 23:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын XXXII наадам “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн 1 жил хойшлогдож, дахин өнжиж ч магадгүй байсан ч Япон улс амжилттай зохион байгууллаа.


Олон улсын олимпын хорооны гишүүн улс орнууд, үндэсний шигшээ багуудаа өндөр зохион байгуулалттай оролцуулж олимпын наадмыг эв нэгдлийн илэрхийлэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг гэдгийг батлан харууллаа.  


 

Өнөөдөр 19 цагаас Япон улсын нийслэлд зохион байгуулсан "Токио-2020" зуны олимпын XXXII наадмын хаалтын ёслолыг телевизээр дэлхий нийтэд түгээн дамжуулж харуулснаар тэрбум тэрбум хүн үзэж сонирхлоо.



Энэ удаагийн олимпын наадамд оролцсон 206 улс орны Төрийн далбаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн юм. Үүний дараа үндэсний шигшээ багуудын төлөөлөл болсон наадмын сүүлийн өдрүүдэд тэмцээн, уралдаан нь явагдсан тамирчдын төлөөлөл цэнгэлдэхэд баяр хөөртэй орж ирэн байраа эзэллээ. 

  


Уламжлал ёсоор олимпын наадам зохион байгуулагч орон Япон үндэстэний түүх, өв соёл, урлагийн эртний болон орчин үеийн хөгжлийг харуулсан гайхалтай тоглолтуудыг японы алдартай дуучин, бүжигчин, хөгжимчин зэрэг уран бүтээлчид, хамтлагууд толилуулсан юм.


 

Улмаар олимпын наадмын хамгийн эртний бөгөөд хамгийн хүнд хэцүү спортын төрөл болох марафон гүйлтийн эмэгтэй, эрэгтэй төрөлд олимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад медалийг нь гардуулах ёслол уламжлал ёсоор болсон билээ.




 

Токио хотын захирагч Койке Юрико Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах-д олимпын тугийг гардуулан өгөхөд Т.Бах олимпын наадмыг зохион байгуулах дараагийн хот болох Парис хотын захирагч, хатагтай Анне Идалгод дамжуулан өгсөн.

 

Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зуны олимпын XXXIII наадмыг хүлээн авагч Франц улсын тугийг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

 

Энэ үеэр Парис хотод Эйфелийн цамхаг дээр олимпын түүхэнд хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох олимпын тугийг байрлуулав. Парис хотын дээгүүр Франц улсын далбааны өнгийг тэнгэрт дүрсэлсэн бол, Эйфелийн цамхгийн өмнөх талбайд “Токио, баярлалаа” гэсэн баннерыг байрлуулсан байв. Энэ мөчид Токио телевизийн цамхгийг Францын тугийн өнгөөр гэрэлтүүлэв.


 

Японы угсаа залгамжлах ханхүү Фүмихито Эзэн хаан Нарүхитог төлөөлж “Токио-2020” олимпын хаалтын ёслолын ажиллагаанд оролцсон юм. 


 

Гуравхан жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадам 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд Францын нийслэл хотноо болно.

 

"Токио-2020" олимпын их наадамд нийт 93 улсын тамирчид 1-7  медаль хүртжээ. Энэ нь олимпын түүхэн дэх дээд амжилт болсныг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах онцлон мэдэгдлээ.


 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ: "Сүүлийн 16 өдрийн турш та бүхэн спортын амжилтаараа алмайрууллаа. Та бүхэн хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй байж чадлаа. Цар тахлын улмаас үүссэн асуудлуудыг даван гарсан нь энэ удаагийн олимпыг улам үнэ цэнтэй болголоо. Та бүхэн үнэ цэнтэй дэлхийг эргүүлэн авчирлаа. Энэ бол итгэл найдвар. Энэхүү гараг дээр оршин буй тэрбум тэрбум хүмүүст итгэл найдвар өглөө. Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ.


 

Энэ бүхэнд Японы ард түмний сэтгэл, бэлтгэл үнэлж барамгүй их байсан юм шүү. Бүх тамирчдынхаа өмнөөс та бүхэнд баярлалаа. Япончууддаа талархал илэрхийлье.

 

ОУОХ, Японы хамтрагч найзууд маань энэ олимпыг амжилттай зохион байгуулж чадлаа. Та бүхний хамтын ажиллагаа үеийн үед үнэ цэнтэй байх болно. Та бүхэн байхгүй бол энэ олимп болохгүй байсан. Хамгийн их сорилттой нүүр тулгарсан Токиогийн олимпын наадмыг өндөрлүүлж байна. Зуны олимпын  XXXII наадам ийнхүү өндөрлөлөө. Гурван жилийн дараа Францын Парис хотноо эргэн уулзацгаая" гэлээ.





Холбоотой мэдээ