Х.Нямбаатар: Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аудитын шинжээчийн дүгнэлтээр, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэж гарчээ.
Тус дүгнэлт өнөөдөр өглөө Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын багт ирсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Тус ажлын баг энэ оны гуравдугаар сард байгуулагдаж, өнгөрсөн 5 сарын хугацаанд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон асуудлаар гадаадын нэр хүнд бүхий аудитын байгууллагад хандаж хөндлөнгийн шалгалт хийлгэжээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Оюутолгойн менежментийн багаас зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг геотехникийн нөхцөлөөс болсон гэдэг тайлбарыг өнгөрсөн хугацаанд өгч байв. Дэлхийн нэр хүндтэй шинжээчийн баг зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй гэж дүгнэсэн. Тиймээс хэлэлцээрийг урагшлуулахад үр дүн авчрах сайн мэдээ ирсэн гэсэн үг. Манай ажлын баг Рио-Тинтогийн Монгол дахь захирал Х.Амаржаргал болон бусад албан тушаалтнуудтай уулзаж дүгнэлтээ танилцууллаа. Мөн хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлтэд тайлбар хийх. Хоёрдугаарт, Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлэх. Учир нь шинжээчийн дүгнэлт ийм гарсан байхад Засгийн газраас ТЭЗҮ-г батлах боломжгүй юм. Тиймээс хуучин ТЭЗҮ-гээр, зэсийн үнэ өндөр байгаа энэ үеийг бодолцож далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьсан” хэмээлээ.
Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир, “Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч буюу Эрдэнэс Оюутолгой компанийн хүсэлтээр өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас Оюутолгой төслийн ТУЗ-өөс бие даасан шинжээчийн баг гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтын талаар дүгнэлт гаргахаар болсон. Энэ ажлын хүрээнд Эрдэнэс Оюутолгой компани, Туркойз хилл компанийн төлөөлөл зэргээс бүрдсэн найман хүнтэй Тусгай хороо байгуулсан. АНУ, Австрали, Канад, Монгол зэрэг улсын найман хүний хөндлөнгийн шинжээчдийн багийг томилсон бөгөөд 35-40 жил ажилласан туршлагатай ажилтнууд уул, уурхайн төлөвлөлт, барилга угсралт, төслийн менежмент, геотехник гэсэн чиглэлээр хийсэн дүгнэлтээ Оюутолгойн ТУЗ-д хүлээлгэн өгсөн. Энэ дүгнэлтийн хүрээнд цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэл, менежментийн алдаа гаргахгүй байх, засаглалыг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар Оюутолгойн ТУЗ-өөс Эрдэнэс Оюутолгой компанитай хэлэлцээд явна” хэмээв.
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.