“Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг” нийтийн хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-10 14:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-наас “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг бүтээж, нийтийн хүртээл болголоо.


Энэхүү нэвтэрхий толь бичигт нийтийн (үндсэн хуулийн, захиргааны, санхүүгийн, эрүүгийн, экологийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа) ба хувийн (иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн), мөн олон улсын нийтийн ба хувийн гэх мэт бүх салбар эрх зүйн тайлбарууд багтсан байна. Түүнчлэн дэлхийн болон монголын төр, эрх зүйн онол, түү ба криминологи, шүүхийн шинжилгээ зэрэг хууль зүйн хэрэглээний судлагдахууны нийт 2200 гаруй шинжлэх ухааны тайлбар өгүүллийг багтаажээ. Тус толь бичигт нэр томъёог англи хэлээр хөрвүүлсэн нь монголын хууль тогтоомжийн нэр томъёог дэлхий нийтийнхтэй жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэжээ.


Нэвтэрхий толь бичгийн зохиогчоор академич, ХЗДХ-ийн сайдын зөвлөх С.Нарангэрэл, хянан тохиолдуулагчаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажилласан байна.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар номын Өмнөх үгэнд, "Хууль зүйн энэхүү нэвтэрхий толь бичиг өдөр тутмын хэрэглээний, танин мэдэхүйн, шинжлэл судлалын, боловсрол сургалтын ажил үйлсэд дөхөм үзүүлэх нь дамжиггүй. Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг өргөн олон уншигчдад зориулагдсан. Нэг талаар эрх зүйг бүтээж хөгжүүлж байгаа, нөгөө талаар түүнийг хэрэглэж байгаа хэн бүхний хүртээл болгохыг зорьсон” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ