Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй “Хурган гэр”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-17 10:34:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 1934 оны үед хэрэглэж байсан “Хурган гэр” бий.


Тус музейн сан хөмрөгийн үзүүллэгт буй хурган гэрийг 1984 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос гаргасан "Угсаатан зүй, ардын урлагийн өв санг эрэн сурвалжлах, цуглуулах, хадгалах, хамгаалах ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хүрээнд Хөвсгөл аймгийн Ар булаг сумын Хотгойдын Д.Наваанчүлтэм хэмээх иргэнээс угсаатан зүйч С.Бадамхатан, музейн сан хөмрөгийн эрхлэгч байсан М.Хайдав нар худалдан авч байсан түүхтэй.

Энэ гэрийг Д.Наваанчүлтэм 1934 онд өөрийн гараар урлан, ахуйдаа хэрэглэж байжээ. Гэр нь 6 хана, 72 уньтай, гэрийн мод нь бүрэн хээ чимэглэлтэй аж.

 

Гэрийг дотор нь угсаатны онцлогоос хамаарч Монгол гэр, Түрэг гэр ангилахын зэрэгцээ гэрийн хэмжээнээс хамаарч морин, хонин, хурган ханатай хэмээн нэрлэнэ. Хурган гэр нь хурганы толгой багтахаар тийм жижиг нүдэн ханатай гэр аж.


Монголчууд эртнээс нааш аж ахуйн онцлогт тохирсон сууцыг бүтээн бий болгож уламжлуулан хөгжүүлж ирсэн.  Уламжлалт аж ахуй нь сонгодог нүүдлийн мал аж ахуй юм. Монгол гэр нь мал аж ахуй эрхлэн аж төрдөг ард түмэнд нэн тохирсон, нүүдэл хийхэд хурдан хугацаанд барьж, буулгах, энгийн хөсгөөр тээвэрлэн авч явахад авсаар төдийгүй малын болон байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг, нарийн тусгал, агаарын солилцоо хамгийн ихээр авах боломжтой, хүний эрүүл ахуйд хоргүй архитектурын онцгой шийдэл бүхий сууц юм. 



Холбоотой мэдээ