Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй.
Энэхүү захирамжийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
Б.Сүхбаатараас тодруулснаа НЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой барилга, бүтээн байгуулалтыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл, цахим орчинд гараад буйд ямар хариулт өгөх вэ?
Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн,
үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалт зогсохгүй гэдгийг тодотгоё. Улаанбаатар хотын эрх зүйн
байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, хотын дүрэм,
стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг
боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршилд тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байхаар захирамжилсан.
Тухайлбал, Горхи-Тэрэлжийн БЦГ, Богд
уулын ДЦГ, Улаанбаатар хотын
төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос
өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он
хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж
буй юм.
-Өмнө нь олгосон зөвшөөрөл хүчин төгөлдөр гэсэн үг үү?
Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ.
-Захирамжид БЦГ, ДЦГ-ын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна?
Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэй холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш дахин шинэчлээгүй. Иймд юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, энэ хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага урган гарч байгаа юм. Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид 30-40 хувьд барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барихыг шаардахаас аргагүй.
-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж ойлгосон зөв үү?
Тийм ээ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгоно. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэ шийдвэр урт хугацааны хориг саад огт биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм.
-Хэзээг хүртэл зөвшөөрөл олгохгүй гэсэн үг вэ?
-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.