Японы 14 настай тамирчин эх орондоо анхны медалийг авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-08-26 09:26:05

ТОКИО. /Kyodo/. Японы тамирчин Миюки Ямада Токиогийн Паралимпын наадмаас зохион байгуулагч орны анхны медалийг авчирлаа.


Өдгөө 14 настай тэрбээр Паралимпын наадмаас медаль хүртсэн Японы хамгийн залуу тамирчин болж байна.


Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн “S2” төрөлд өрсөлдсөн М.Ямада 26.18 секундэд барианд орсноор мөнгөн медалийн болзол хангажээ.


Харин Сингапурын алдартай тамирчин, дэлхийн аварга Ип Пин Сю алтан медаль хүртсэн бол Мексикийн тамирчин Фабиола Рамирес хүрэл медалийн эзэн болжээ.


М.Ямадагаас өөрийн гүйцэтгэлээ үнэлэхийг хүсэхэд, “Миний бие өөртөө 100-гаас 100 оноо өгмөөр байна. Өөрийгөө маш сайн оролцсон гэж бодож байна” хэмээн хариулжээ.



Тэрбээр барианаас гарахдаа тэргүүлж байсан боловч хожим нь Ип Пин Сюд гүйцэгджээ. Сингапурын тамирчны хувьд дөрөв дэх наадмаасаа дөрөв дэх алтан медалиа ийнхүү хүртсэн байна.  


Ирэх есдүгээр сарын 2-нд М.Ямада 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.


Лхагва гаргийн орой Японы тамирчин Такаюки Сүзүки эрэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн “SB3” төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Ингэснээр тэрбээр Паралимпын зургаа дахь, 2012 оноос хойших анхны медалиа хүртжээ.


Энэхүү төрөлд ОХУ-ын Паралимпын хорооны тамирчин Роман Жданов алтан медаль, Испанийн тамирчин Мигель Луке нар мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 

Холбоотой мэдээ