Тамирчдын хотхонд автомат жолоодлоготой автобуснууд дахин үйлчилж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-31 12:29:35

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хот дахь тамирчдын хотхонд автомат жолоодлоготой автобуснууд мягмар гаргаас дахин үйлчилж эхэлнэ гэж “Toyota Motor” компани мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт харааны бэрхшээлтэй паралимпын тамирчин автомат жолоодлого бүхий ийм тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс хойш үйлчилгээг нь зогсоож, аюулгүй байдлыг нь сайжруулсан байна.


Тодруулбал, Японы жүдоч Китазоно Арамицү орон нутгийн цагаар пүрэв гаргийн 14 цагийн орчимд явган хүний гарцаар гарч явахдаа “Toyota”-гийн “e-Palette” автомат жолоодлоготой, цахилгаан автобусанд мөргүүлсэн юм.


"Тамирчдын хотхон дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах гарын авлага болон автобусны зохицуулагчдын хоорондын уялдаа холбоо төдийлөн сайн байгаагүй" гэж даваа гарагт “Toyota” компани мэдээлжээ.


Үүнтэй холбоотойгоор автобусны автоматаас гар ажиллагааны горим руу шилжүүлэх хяналтын хурдыг өөрчилж, тээврийн хэрэгслийн дуут дохиог чангалж, хотхоны гарцуудын орчимд мөрдөх журмыг нэмэгдүүлсэн гэж Токиогийн Олимп, Паралимпын наадмын хамгийн том ивээн тэтгэгч компаниас мэдэгдсэн байна.


Toyota”-гийн мэдээлснээр, наадмын зохион байгуулах хороо мягмар гаргийн 15 цагаас эхлэн автобусны үйлчилгээг сэргээхээр шийдвэрлэжээ.


Харин жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүчээ сорих байсан, 30 настай тамирчин К.Арамицү бямба гарагт болох тэмцээнээ алгасахаас өөр аргагүйд хүрчээ.


Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн даваа гарагт мэдээлснээр, К.Арамицүг газарт унах үеэрээ толгойгоо гэмтээсэн гэж үзэж байгаа ч нарийвчилсан үзлэгээр ямар нэгэн согог илрээгүй байна.


Toyota” компанийн тэргүүн Акио Тоёда өнгөрсөн долоо хоногт осол гарсан газарт биечлэн очих үеэрээ компанийн автомат жолоодлогын программд “хэт итгэснээс” үүдэн ийм явдал гарч, олон нийтийг түгшээсэнд хүлцэл өчжээ.


Мөн даваа гарагт тэрбээр, “Миний бие тамирчныг түргэн эдгэрээсэй хэмээн залбирч байгаа. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн үйлчилгээг зогсоосноос шалтгаалан тамирчдын хотхонд тав тухгүй нөхцөл үүссэнд харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ