Шатахуун, эм тарианы нөөц хангалттай байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-31 15:16:59

 

Манай улсын хувьд нөөц хэмжээ нь онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн бол эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн. Ялангуяа цар тахлын энэ үед импортоос хамааралтай эдгээр бүтээгдэхүүний хангамж нөөцийг Засгийн Газрын хэмжээнд анхаарал хандуулж ажиллаж буй. Иргэд олон нийтийн зүгээс эдгээр нь бэлэн байдлыг хангах хэмжээнд байгаа эсэх дээр хяналтаа тавих нь зүй ёсны асуудал. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний нөөц улсын хэмжээнд 31 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Үүнээс А-80 шатахуун 41, АИ-92 шатахуун 25, дизелийн түлшний 35 хоногийн нөөцтэй байгаа аж.


Мөн түүнчлэн цар тахлын үед хэрэглэгдэж буй вирусийн эсрэг эм, тарианы нөөц ч улсын хэмжээнд хангалттай байгааг холбогдох байгууллагууд мэдээлж буй. Тухайлбал, 2021 оны наймдугаар сарын 29-ний байдлаар Арбидол /100мг/ эм 201, Фавипиравир /200мг/ эм 98 хоногийн нөөцтэй байна. Мөн бусад төрлийн антибиотик, дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, ПГУ-ын лабораторийн урвалж оношлуурын нөөц ч хүрэлцээтэй гэнэ.

 

Хамгийн сүүлийн үеийн байдлаар онцгой шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хүнснийг гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоо хэмжээний мэдээлэл нэгтгэхэд Монгол Улсын хэмжээнд хомсдол үүсэх хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн одоогоор байхгүй гэж хэлж болохоор байна.  


                                                Вирусийн эсрэг эмийн нөөц



                                            Амилуулах тусламж, үйлчилгээний эмийн нөөц


                                                       

                                                             Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц

 


Эмийн хяналт зохицуулалт хариуцсан ажлын баг Монгол Улсын Шадар сайдын даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд хяналт тавьдаг. Гэсэн ч эмийн нөөц дутмагтай холбоотойгоор КОВИД-19-өөр халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд ар гэрээсээ эм тариа авчирч эмчилгээндээ хэрэглэдэг асуудалыг зогсооход анхаарах шаадлага бас бий. Тиймээс нэгдсэн стандарт бий болгож, олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээ үйлчилгээ хийж байгаа эсэх дээр иргэд хяналт тавих боломжтой болох нэн шаардлагатай гэж холбогдох байгууллагууд үзэж буй. Иргэд олон нийт нь эм тарианы зохисгүй хэрэглээтэй гэгддэг манай улсын хувьд ковидын үеийн эмчилгээ үйлчилгээг дур зоргоор хэрэглэх, эмчилгээ үйлчилгээний стандартгүй байдлаас үүдэн гарах хохирол, сөрөг нөлөө их байдаг. Энэ мэт байдлыг иргэдийн оролцоотойгоор засаж залруулахад чиглэсэн ажлуудыг Засгийн Газрын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Мөн өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэхэд анхаарч байна.

 

Түүнчлэн цар тахлын үед ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасалдуулахгүй байх, тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн сайжруулах, эмийн үнийн дээд хязгаарт хяналт тавих гэх мэт олон ажлууд анхаарлын төвд байгаа.


                    Шатахууны нөөцийн мэдээ /2021.08.24/

 


Улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц, хоногоор 2021.08.24



Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн 100 хувь импортын хамааралтай манай улсын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтэд ихээхэн анхаарал, хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлага байнга тулгардаг. Ковидын хуулиндаа манайх цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах тухай заасан.

 

Мөн цар тахлын ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хүнсний болон бусад нөөцтэй байх, нөөц бүрдүүлэх зэргийг ч тодорхой тусгасан байдаг. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад чиглэсэн төрийн зохицуулалтыг хийх заалтын хүрээнд Засгийн Газраас шатахуун импортлогч компаниудтай хэлэлцээ хийж тодорхой хугацаанд үнэ тогтоон барихад анхаарч байсан. Гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч импортлогч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил орчмын хугацаанд жижиглэнгийн үнийг нэмэлгүй тогтоон барьсан билээ. Энэ мэт зохицуулалтын арга хэмжээг авч, онцгой хэрэгцээт бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх болон үнийн өсөлтийг хянаж зохицуулах их ажил Засгийн Газрын анхаарлын төвд байна.

 

Холбоотой мэдээ