С.Ёшихидэ, Ж.Керри нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-01 09:30:50

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ болон тус улсад айлчилж буй АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри нар мягмар гарагт уулзаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй нийгмийг цогцлоохын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцжээ.


“Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлахыг тэглэх олон улсын хүчин чармайлтыг Япон улс АНУ-тай зэрэгцэн манлайлна гэдэгт найдаж байна” хэмээн Ж.Керригийн хэлснийг С.Ёшихидэ эш татан мэдээлснийг Японы Гадаад хэргийн яам уламжилсан байна.


“Ж.Керри ирэх 10 дугаар сарын эцсээр эхлэх НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурлыг угтан Япон улсад айлчилсныхаа дараа БНХАУ-д хүрэлцэн очно” гэж Төрийн департамент мэдээлсэн юм.


Мягмар гарагт болсон уулзалтын үеэр С.Ёшихидэ Ж.Керрид, Япон улс 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлаа тэглэж, 2030 оны санхүүгийн жил гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2013 оныхоос 46 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд буйг танилцуулжээ.


Мөн Японы Байгаль орчны сайд Шинжиро Коизүмигийн оролцсон энэхүү уулзалтын үеэр Ж.Керри уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаргаж буй улс орныхоо хүчин чармайлтын талаар тайлбарласан байна.


Хүлэмжийн хийн ялгарлаараа БНХАУ-ын араас хоёрдугаарт бичигддэг АНУ тэргүүтэй дэлхийн олон улс орон 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа тэглэх амлалт өгөөд буй юм.


АНУ-ын нийслэл Вашингтон хотноо дөрөвдүгээр сард болсон Япон, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орон Парисын уур амьсгалын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллахын сацуу нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах явцыг дэмжих “түншлэлийг” бий болгохоор тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ