Үерийн улмаас Буриадад онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-02 15:07:48

УЛААН-ҮД. /TASS/. ОХУ-ын Буриад улсад олон зуун байшин, тариалангийн талбай үерт автаж, бүс нутгийн хэмжээнд онц байдал зарлалаа гэж пүрэв гарагт бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.


"Үерийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Буриад улсын нутаг дэвсгэрт Хиагт, Сэлэнгэ, Иволгин, Тарвагатай аймгуудын хил дээр болон Улаан-Үд хотод бүс нутгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах "онцгой байдлын дэглэм” тогтоох шийдвэр гаргалаа" гэж мэдээлэлд дурджээ.


Байгал нуурын гол цутгал Сэлэнгэ мөрний усны түвшин огцом нэмэгдсэний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны нутаг дэвсгэрээс Буриадад их хэмжээний ус орж ирж эхлээд Хиагт хот, дараа нь мөрний эрэг дагуу байрлах дүүргүүдийн суурин газрууд, мөн Улаан-Үд хот үерт автжээ.


Буриадын тэргүүн Алексей Цыденов үерийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа мэдээлсэн байна.


"Юутай ч бид зургаадугаар сараас хойш үертэй тэмцэж байна. Бичурский дүүрэгт сүүлийн 100 жилд тохиолдоогүй ийм үер болсон. Жидинск, Хиагтын бүс нутагт их хэмжээний үер бууж, одоо Хиагт, Улаан-Үд хот Иволгин дүүрэг үерт автаад байна. Нийтдээ 600 гаруй газар, 114 байшин усанд автсан” гэж Цыденов Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр "Россия-24" сувагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.


Түүний хэлснээр, үерийн хохирогчдод хохирлын хэмжээнээс хамааран 10 мянган рубль, 50 мянган рубль, 100 мянган рублийн нөхөн төлбөр олгохоос гадна, тариа, түлээгээ алдсан хүмүүст нөхөж олгохоор болсон байна.

Холбоотой мэдээ