Мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчид шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-02 23:17:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЧУ-ын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн алдартай морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин батламж, мөнгөн шагналыг нь өнөөдөр гардууллаа.


Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд талархал илэрхийлж, баяр хүргэе. Мөн энэхүү уралдаанд  амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангасан Монгол Улсын Гавьяат багш Ш.Дуламсүрэн, багш Д.Амармэнд, ОХУ-ын Ардын жүжигчин В.Тонка болон эцэг, эхчүүд та бүхэнд талархсанаа илэрхийлье. Хэдийгээр энэхүү мөнгөн шагнал нь Та бүхний гаргасан амжилт, урлагийн авьяасыг хэмжихгүй ч урам болж, урлаг, уран сайхныг дэмжих зөв хөрөнгө оруулалт болж чадна хэмээн найдаж байна” гэлээ.


1959 оноос эхлэн зохион байгуулж буй энэхүү уралдаанд манай улсаас анх 2009 онд Монгол Улсын гавьяат багш Ш.Дуламсүрэн сурагч Т.Энхмаагийн хамтаар оролцож байсан түүхтэй.

Энэхүү уралдааны нэг онцлог нь оролцогчдыг зөвхөн кодоор буюу нэр, улс орныг зарлалгүй тоглуулдаг бөгөөд хоёр шаттай зохион байгуулдаг. Уралдааны 1 дүгээр шатанд зөвхөн нэр заасан зохиолыг тоглодог бол 2 дугаар  шатанд тоглолтын хугацааг зааж өгдөг онцлогтой.  


Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургуулийн 5 сурагч амжилттай оролцож, Засгийн газрын тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал авах журмын болзлыг хангасан юм.


Энэ журмын дагуу Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ч.Цэцэн Б.Марал, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн сурагч Т.Удвал нарт тус бүр 14,0 сая төгрөг, мөн сургуулийн сурагч Л.Энэрэлд 9,0 сая төгрөгийн урамшуулал олгосныг Соёлын сайд Ч.Номин гардууллаа.


Энэхүү уралдаанд 2009 оноос-2021 он хүртэл давхардсан тоогоор 17 сурагч амжилттай оролцжээ.  

2009 онд Т.Энхмаа 1-р байр

2011 онд Г.Чингүүн 1-р байр

2011 онд Т.Энхмаа тусгай шагнал

2013 онд Г.Цэрэнчимэг 1-р байр

2013 онд Г.Чингүүн 1-р байр

2013 онд Г.Чингүүн заавал тоглох зохиолын “Шилдэг тоглооч”.

2015 онд Л.Энэрэл тусгай шагнал

2015 онд Г.Цэрэнчимэг 3-р байр

2017 онд Ө.Мишээл 3-р байрын шагналыг тус тус хүртэж байсан.

2019 онд Ч.Цэцэн 1-р байр

2019 онд Ж.Нарансоёмбо 3-р байр

2019 онд Ө.Мишээл 3-р байр

2021 онд  Ж. Нарансоёмбо, Ч.Цэцэн, Гоомаргад, Т.Удвал тус бүр 2-р байр

2021 онд Л.Энэрэл 3-р байр

Холбоотой мэдээ