Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-02 17:30:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархах хүрээ нь нэмэгдэж байгаатай холбоотой аймгийн Засаг даргын 2021 оны 718 дугаар захирамж гарч, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мал, амьтны шилжих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Тус захирамжаар шүлхий өвчний голомтын бүсийн айл өрхүүдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна. Мөн энэ сарын 1-нээс 2021 оныг дуустал гадны аймаг, сум болон тус аймгийн бусад сумуудаас өөрийн сумын нутаг дэвсгэрт мал оруулах, дамжин өнгөрүүлэхийг бүрэн хориглох, Дэлүүн, Булган сумаас гарах, орох замуудад пост байгуулахыг тухайн сумуудын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн Булган, Дэлүүн сум болон Ховд аймаг, зүүн, төвийн бүсийн аймгуудаас амьд мал хүлээж авахаас татгалзах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, тээвэрлэлт, тууварлалтад хатуу хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн газар болон бүх сумуудын Засаг дарга нарт даалгажээ.

Шүлхий өвчний голомтыг устгаж, хорио цээрийн дэглэмийг цуцлах хүртэл өвчний голомттой сумуудаас бусад сумууд руу амьд мал тууварлах, тээвэрлэх, худалдах, хүлээн авахыг аймгийн хэмжээнд хориглож, өвчин гараагүй сумуудаас аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан гэрчилгээтэй мал, мах нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.  

Холбоотой мэдээ