Г.Гонгоржав: Хүн төрөлхтний анхны бичиг үсгийн багш нь байгаль, түүний дотор чулуу юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-06 16:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав хувийн цуглуулгаараа "Чулууны хээ-4" үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

 

Эрт галавын галт уулын нурам, нуурын усны тунамалд дарагдан чулуужсан мод, модлог бүхий газар монгол оронд, тэр тусмаа өмнийн шаргал говьд нэлээд тааралддаг. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэндээ Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог Сүйхэнт уулны чулуужсан ойгоос цуглуулсан дурсгалуудыг дэлгэжээ.

 

Өнө эртний тэрхүү чулуужсан ойн ормон дээр үлдсэн чулуужсан хожуул, ёзоор, дархи, гишүү мөчрийн хугадсаас үйрсэн золтос, цуулдас, ялтас тэргүүтэн цуглуулагчийн нүднээ өртөж, эрт галавын нь орчин нөхцөл байдлыг сэргээн босгох, уран сайхны өөр хаа ч харшгүй бүтээлийг байгаль эх өөрөө урласныг толилуулж буй юм.

 

Өөрөөр хэлбэл, мод, модлог хэмээх хатуу ишт олон наст ургамал чулуужих явцад түүний дотоод бүтэц, эд эслэг, гуурс цорго олон өнгө хосолсон мана, гартаам, опал /гэрэлтчимэд/, чүнчигноров мэтийн цахиурлаг эрдсүүдээр хэрхэн түрэгдэж өнгөт эрдэнэсийн чулууд болсныг уг үзэсгэлэнгээс сонирхож болох юм. 


  Цуглуулагчийн 50-60 жилд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зорчиж, судалж, цуглуулсан 200 гаруй ховор сонин чулууг  уг үзэсгэлэнд толилуулж байна. Мөн монгол бичгийн төгс хэв зурлагатай кирилл, латин үсгийн цагаан толгойн уугуул зурлага, араб тооны 10 хүртэлх цифрийн зурлага мэтийг ганц цэг, зураасны нэмэлт хачиргүй, байгаль эхийн туурвисан тэр л янзаар дэлгэн харуулж буйгаараа онцлогтой.

 

Тэрбээр хэлэхдээ, “Чулуужсан ойн нурам цурман дээрээс түүсэн цуглуулгуудад уран сайхны талаасаа ямар гоо сайхан нуугдаж байдгийг харуулахыг зорилоо. Мөн бичиг үсэг хэзээ анх үүссэнийг дэлхий нийтэд одоо хүртэл тайлбарлаж чадаагүй байна. Сүйхэнтийн чулуужсан ойгоос үсэг бичгийн дурсгал асар их олдсон. Тиймээс бичиг үсэг чулууны хээ зурлагаас үүссэн байх талтайг дэлхий дахинд таниулахыг зорьж байна. Хүн төрөлхтний анхны бичиг үсгийн багш нь байгаль, түүний дотор чулуу юм гэдгийг энэ удаагийн үзэсгэлэнгээрээ харуулахыг зорилоо” гэв.

 

Монгол орны говь нутгаас хамгийн их чулуун олдвор олддог байна. АНУ-ын Аризоны чулуужсан модон ой, чулууны дээжтэй эх орныхоо чулуужсан модыг зэрэгцүүлэн найрлага нь ямар ялгаатайг судалжээ.


Ингэхэд АНУ-ын чулуужсан ой модон доторх химийн элемент нь цөөн байгаа бол манай орны чулуужсан модонд 10-аад элемент багтдаг байна.


Тэрбээр Сүйхэнт ууланд 10 гаруй удаа очиж судалгааныхаа ажлыг хийсэн бөгөөд чулуужсан модыг биологи, шинжлэх ухаан талаас нь судлах нэг өөр. Харин гоо сайхны талаас нь харвал тун өөр байдгийг тэрбээр тодотгож байв.

 

Үзэсгэлэнг долоо хоног олон нийтэд нээх юм. Тэрбээр 1994, 1995, 1996, 2000, 2016, 2017, 2019, 2021 онд нийт найман удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.










Холбоотой мэдээ