Цэвэр ус, хэрэглээний халуун усыг гурав хоног хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-10 17:38:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 12-р багийн 16-р байрны хэрэглээний халуун ус, цэвэр усыг гурав хоног хязгаарлахаар болжээ. Тухайн байрны оршин суугчид аймаг, орон нутгийн удирдлагуудад зоорийн давхрын лагийг цэвэрлэж өгөхийг хүссэн аж. Уг хүсэлтийг хүлээн авч энэ сарын 13-15-ны өдрүүдэд хуримтлагдсан лагийг цэвэрлэж хэвийн горимд шилжүүлэх аж.

Тус байрны нэг давхарт  "Жүр Үр" ХХК, үнэт эдлэл, жимсний бөөний төв болон найман нэрийн хүнсний дэлгүүр, гэрэл зургийн студи үйл ажиллагаа явуулдаг юм. Зоорийн давхарт хуримтлагдсан лаг "Жүр Үр" ХХК-ийн үйлдвэрлэлтэй холбоотой аж. Тиймээс тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй зоорийн давхарт хуримтлагдсан хур лагийг гадагшлуулж цэвэрлэх, орон сууцны хуучирч гэмтсэн бохир ус татан зайлуулах шугамыг шинэчлэх ажээ. Түүнчлэн дахиж ийм байдал үүсгэхгүйн тулд “Жүр-Үр” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамыг дангаар нь, бие даасан байдлаар гадагш гаргаж, уналт хийх, найдвартай тулгууртай болгох зэрэг ажлуудыг “Дархан-Ус суваг” ХК гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Ахуйн зориулалттай бохир ус татан зайлуулах шугам, хоолойд үйлдвэрлэлээс гарсан их хэмжээний тос удаан хугацаанд, олон давтамжтай орсноос дээрх байдал үүссэн учир энэ удаагийн засвар, шинэчлэлтийн ажлын зардал болох 19 сая төгрөгийг “Жүр-Үр” ХХК хариуцах ажээ.

Зоорийн давхар нь намхан таазтай, хүн орж ажиллахад хүндрэлтэйн дээр хуримтлагдсан хур лагийн хэмжээ их учир шугам хоолойн засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх нөхцөл байхгүй аж. Тиймээс засварын ажлаас урьтаж хуримтлагдсан лагийг цэвэрлэж ажлын байраа бэлтгэх шаардлагатай ажээ. Ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд дээрх хугацаанд 16-р байрны цахилгаан, цэвэр ус, хэрэгцээний халуун усыг хязгаарлах юм. Зоорийн давхарт хуримтлагдсан лагийг цэвэрлэсний дараагаар шугам хоолойн засвар, шинэчлэлтийн ажлууд 2021.09.16-2021.09.19-ны өдрүүдэд үргэлжлэх ажээ. Эдгээр өдрүүдэд цэвэр ус, хэрэгцээний халуун усыг хязгаарлахгүй. Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын алба, 16-р байрны СӨХ-ны үүрэг, оролцоотой хийх засварын ажлын үр дүнд тус байрны нэг блокийн хур лаг бүрэн шийдвэрлэгдэж хэвийн горимд орно гэж "Дархан-Ус" ХК-ийн инженерийн албанаас мэдээлэв.

Иймд лагийн цэвэрлэгээ, засвар шинэчлэлтийн ажил хийх хугацаанд 16 давхар байрны оршин суугчид та бүхэн өөрсдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх томоохон асуудлыг шийдвэрлэх ажилд хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулахыг анхаарууллаа.

Ташрамд, тус байр нь нэгэн цагт Монголын хамгийн өндөр барилгад тооцогддог байсан гурван жигүүр бүхий 172 айлын орон сууц юм.

 

Холбоотой мэдээ