Улс, төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-10 22:11:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс, төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд хүндэтгэл илэрхийллээ. 

Уг үйл ажиллагаа Хараагийн дахь эх ламын Гэцогдаржаалин хийдэд болж хэлмэгдэгсдэд зориулж ИТХ-ын дарга С.Насанбат, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат 108 зул өргөж, хийдийн лам нар ном хурлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.

Дархан-Уул аймагт одоогоор хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач, гуч зэрэг 80 орчим хүн амьдарч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгаж, нөхөн олговрыг 2019 оноос шат дараатай олгож эхэлсэн.

Аймгийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд одоогийн байдлаар 12 хүн нөхөх олговорт 80,0 сая, 14 хүнд 40,0 сая, 8 хүнд 20,0 сая, нэг хүнд 1 сая төгрөг нийт 33 хүнд 1 тэрбум 681,0 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.

Холбоотой мэдээ