Сумандаа ажлын байр нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-10 20:47:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин суманд байгалийн зэрлэг чацарганаар төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, сумандаа ажлын байр нэмжээ.

-"Хомын тал чацаргана" ХХК нь Хомын тал төрийн бус байгууллагатай хамтран нийт 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоногт 0.5 тонн жимс, жимсгэнэ боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Суманд шинэ үйлдвэр ашиглалтад орсноор таван хүний ажлын байр бий болжээ.

Тус үйлдвэрийн гол түүхий эд нь өөрийн сумынх нь нутагт ургадаг Хар бутны зэрлэг чацаргана юм. Тодруулбал Завхан голын эрэг дагуу их Монголын элсний хаяагаар ургах Хар бут, Улаан бураагийн чацарганын шугуйгаас байгалийн зэрлэг чацарганыг бэлтгэн түүж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 2019 онд үйлдвэрээ ашиглалтад оруулаад чацарганын өтгөрүүлсэн шүүсийг боловсруулан савлаж хэрэглэгчдэдээ хүргэсэн. Харин өнгөрсөн жилээс бүтээгдэхүүний чанар, нэр төрөл дээр судалгаа хийж, чацарганын тос, энэ жилээс чацарганатай зайрмаг, чацарганатай цай, чацарганын шууд уух зориулалттай шингэн шүүсийг үйлдвэрлэж худалдаанд гаргаад байна. Манай бүтээгдэхүүний давуу тал нь бүтээгдэхүүний түүхий эдэд бий.

Бас бүтээгдэхүүний үнэ нь ч боломжийн, анх үйлдвэрлэл эхэлснээс хойш бүтээгдэхүүнийхээ үнийг огт нэмээгүй. Тиймээс худалдан авалт сайн, эрэлт ч их байна. Зэрлэг буюу байгалийн чацаргана нь өргөстэй, хүйтэнд тэсвэртэй, тослог ихтэй байдаг. Манай нутагт ургадаг чацаргана нь чацарганын дэд зүйл болох Hippophae rhamnoides L.ssp mongolica Rous –ийн төрөл зүйл юм билээ. Энэ төрөл зүйл, байгалийн чацарганын химийн бүрэлдэхүүнийг авч үзвэл сахар 4,6-6,7 хувь, тослог 1,5-4,0 хувь, “С” амин 107,0-149,6 мг/ хувь агуулагддаг байна. Жимс жимсгэнэ нь витамин, эрдэс бодис, антиоксидант, уураг, эслэг ихээр агуулдаг. Тиймээс цитрус жимсээс 9-12 дахин их витамин С агуулдаг. Чацаргана жимс нь кали, кальци, магни, төмөр, фосфор, чухал амин хүчил, каротиноид, түүнчлэн их хэмжээний фолийн хүчил, биотин, В1, В2, В6, С, Е витамин агуулдаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн жинхэнэ эрүүл мэндийн бүтээгдэхүүн болж чаддаг гэж "Хомын тал чацаргана" ХХК-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ