Ноос, ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-15 14:32:52

Архангай /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төслийн хүрээнд "Тогтвортой байдлын гэрчилгээжүүлэлт - Монголын ноос, ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалтыг Архангай аймаг дахь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.


Текстилийн салбарт тогтвортой байдлыг тууштай хэрэгжүүлэх нь боловсруулах үйлдвэр, компаниудын бизнесийн амжилтад эерэгээр нөлөөлөхөөс гадна ноос, ноолуурын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой. Мөн малчин өрх, хоршоодод зах зээлд нэвтрэх томоохон боломж олгож байдаг. Иймд текстилийн салбарт оролцогчид ноос, ноолуурын гарал үүслийн баталгаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх түвшинтэй холбоотой түүхийг мэдэж байх нь чухал байна.


Орчин үед ноос, ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүсэл, байгаль орчин, мал амьтантай зүй зохистой харьцаж байгааг, мөн боловсруулах шатанд тухайн бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, ёс зүйтэй аргаар үйлдвэрлэсэн эсэхийг батлахыг шаарддаг болсон. Иймд улс орнууд төдийгүй томоохон компаниуд хэрэглэгчид, худалдан авагчдын дээрх шаардлага, шалгууруудыг хангах зорилгоор төрөл бүрийн баталгаажуулалт, стандарт, гэрчилгээнүүд бий болгосон хэдий ч, эдгээрээс гарал үүслээс авахуулаад үйлдвэрийн хаалгаар гарах хүртэлх бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн байгальд ээлтэй байдлыг баталсан нь цөөн, ил тод биш, цогц мэдээлэлгүй байна.


Иймд олон төрлийн баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн ялгааны талаар цогц мэдлэг олгож, ойлгуулснаар малчид, үйлдвэрлэгчид нэн ялангуяа худалдан авагчид бодит болон бодит бус нөлөө үзүүлж буй гэрчилгээ, баталгааны ялгааг мэддэг болж, улмаар мэдлэгтэй худалдан авалт хийх, мөн үйлдвэрлэгчид бизнесийн харилцаандаа ашиглаж, илүү үр ашигтай, байгаль орчин, нийгэмдээ илүү их эерэг нөлөө бүхий үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох юм.


Сургалтаар Монгол Улсад хэрэгжиж буй текстилийн стандартууд, гэрчилгээжүүлэлтийн төрлүүд, олон улсад зөвшөөрөгдсөн нэр хүндтэй гэрчилгээжүүлэлтийн схемүүдийг цэгцлэн таниулах, салбарын үйлдвэрлэгчдэд тогтвортой түүхий эд бэлтгэлийн үндэсний стандарт "Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” МNS 6891:2020, "Хариуцлагатай нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системийн ач холбогдол, “МNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэл- Удирдамж” зэрэг стандартыг танилцуулах, олон улсын зах зээлд үндэсний стандартуудыг таниулахад малчид, үйлдвэрлэгчдийн хувь нэмрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар явуулж байна.


Сургалтад аймгийн Цэцэрлэг, Чулуут, Ихтамир сумын бэлчээр ашиглалтын холбоо, хоршоод, малчдын төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ