Нийт 35.8 га газрыг дахин төлөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-15 15:41:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Цолмон “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийг үндэслэн  Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах 1.3 га, Цагаанчулуут багийн 49-53 дугаар гудамж буюу 11.9 га, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га газрыг дахин төлөвлөх асуудлыг танилцуулсан юм.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэж талбайн хэмжээ, байршлыг баталлаа. Дээрх гурван байршилд дахин төлөвлөлт хийснээр хот байгуулалтад нийцсэн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчин бий болох юм.

Хуралдаанаар байршил, талбайн хэмжээг баталсан бол дараагийн шатны үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга хяналт тавин ажиллана.

Хот суурин газрыг хөгжүүлэх, дахин төлөвлөхдөө,

1. Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах,

2. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих,

3. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах,

4. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах,  

5. Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх гэсэн таван үндэслэлийн дагуу хийдэг. Орхон аймаг дээрх байршил, талбайн хэмжээг батлахдаа гурван шаардлага, үндэслэлийн дагуу хийжээ.

 

Холбоотой мэдээ