БНСУ-д халдварын 2000 орчим тохиолдол шинээр илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-16 15:38:23

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өнгөрсөн хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 2000 мянгаас буурчээ. Гэвч нийслэлийн бүсэд халдвар тархсан хэвээр байгаатай холбоотойгоор удахгүй болох ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж болзошгүйд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын 1943 тохиолдол илэрсний 1921 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 279 930-д хүрсэн байна. 


Энэ нь өмнөх өдөр халдварын 2080 тохиолдол илэрсэнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт болсон хэдий ч халдварлах чадвар өндөр “Дельта” хувилбар тархах болсонтой холбоотойгоор улсын хэмжээнд өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сар гаруйн турш 1000 даваад байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас зургаан хүн нас барснаар нийт ийм тохиолдлын тоо 2386-д хүрчээ. Улсын хэмжээнд нас баралтын түвшин 0.85 хувьтай байна.



БНСУ-д шинээр илэрч буй тохиолдлуудын 80 хувь нь нийслэлийн бүс буюу Сөүл, Гёнги муж, Инчеон хотод бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд хүндхэн сорилт болж байна. Учир нь энэхүү бүсэд улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг.


Мөн орон даяар олон арван сая хүн аялж зорчдог Солонгосын намрын ургацын баярын дараа халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж болзошгүй тул эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 


Тодруулбал, есдүгээр сарын 26 хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд хурдны замын дагуух амрах зогсоолуудад “COVID-19”-ийн шинжилгээний түр цэг байгуулахаас гадна гэртээ байж, вакцинд хамрагдахыг иргэдэд уриалах ажээ.


Үүний зэрэгцээ Сөүлийн бүсэд зай барих дөрөвдүгээр түвшний, бусад бүсэд гуравдугаар түвшний хязгаарлалтуудыг мөрдөх хугацааг ирэх 10 дугаар сарын 3 хүртэл дахин дөрвөн долоо хоногоор сунгах шийдвэрийг хэдийнээ гаргаад буй юм.


Зай барих журмын дагуу нийслэлийн бүсэд оройн 18 цагаас өмнө зургаа хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бөгөөд тэдний хоёр нь вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай бол оройн 18 цагаас хойш уулзах зургаан хүний дөрөвт нь вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавина.


Мөн гуравдугаар түвшний хязгаарлалт тогтоосон бүс нутгуудад найман хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бөгөөд тэдний дор хаяж дөрөв нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх хэрэгтэй байна. Тийнхүү хүмүүсийн уулзалт, зоогийн газрын ажиллах цагт хязгаар тогтоож байгаа ч вакцин хийлгэсэн хүмүүст зарим хязгаарлалтыг сулруулж байгаа юм.



Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, БНСУ-д 34.97 сая хүн буюу нийт хүн амын 68.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд, 21.16 сая хүн /41.2 хувь/ бүрэн дунд хамрагджээ. Тус улс нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөртөө “Moderna, Pfizer, AstraZeneca”, “Janssen” компанийн вакцинуудыг хэрэглэж байна.


Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, улсын хэмжээнд вакцины эхний тунд хамрагдсан хүний тоон үзүүлэлт энэ долоо хоногт 70 хувьд хүрэх төлөвтэй байна. БНСУ-ын эрх баригчдын хувьд ирэх 11 дүгээр сар гэхэд нийтийн дархлаа тогтоох зорилт тавиад буй юм.


Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 717 нь Сөүлд, 652 нь тус хоттой зэргэлдээ орших Гёнги мужид, 137 нь баруун нутгийн боомт хот Инчеонд илэрчээ. Мөн улсын хоёр дахь том хот болох Бусанд 56 тохиолдол, зүүн өмнөд нутгийн Тэгү хотод 47 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Өнгөрсөн хоногт халдварын 22 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр ийм тохиолдлын тоо 14049-т хүрчээ. Харин хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс хоёроор буурч, 348 болжээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 252 038 хүн бүрэн эдгэрч, тусгаарлалтаас гарсан байна. 

Холбоотой мэдээ