БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-17 10:13:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. 


Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.


Тэрээр монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэй БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онд эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.


Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Дараа нь Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын "Эрэл" дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгосон. Жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай билээ. 


2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.

Холбоотой мэдээ