МҮБХ-ны дэд тэргүүнээр улсын аварга О.Балжинням ажиллана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-20 16:56:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал баасан гарагт /2021.09.17/ болж цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, тодорхой шийдвэрүүд гаргасан байна.


Тухайлбал, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан, бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 9 дүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.


МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.


МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын аварга О.Балжиннямыг ажиллуулахаар батламжлав.


Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр болжээ.


Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.


Ташрамд дуулгахад: МҮБХ-ны дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, Улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд дэд тэргүүн нь холбооны тэргүүнийг эзгүйд орлон ажилладаг юм.

Холбоотой мэдээ