Ханын материалын эцэст 712 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 11:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцлээ


Нийт 30.2 сая ам.доллароор хэрэгжих төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст юм. Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэнэ. Харин төсөл хэрэгжүүлэгч буюу НЗДТГ-аас 3.9 сая ам.доллар гаргах аж. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна. 


Орон сууцны энэ хороололд 712 өрхийн 2492 хүн амьдрахаар тооцжээ. Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах юм. Мөн “Төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн талбайг тусгасан. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаагүй”-г Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү хурлын үеэр танилцууллаа. 


Эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэн, орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилтой төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ.


Төсөлтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтэц нь хөгжсөн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дээрхтэй ижил төстэй төсөл хэрэгжүүлэх нь зөв юм. Нэг төвт хотоос олон төвт хот хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд алсын дүүргээ анхаарч, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь ашиглах нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, энэ төслийн хүрээнд 9 блок орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний 1-2 блокийг нь захын дүүргүүд рүү шилжүүлж болно. Цаашид орлогод нийцсэн орон сууц төслийг есөн дүүргийн хэмжээнд авч үзэж байхыг сануулъя” гэлээ. 

Холбоотой мэдээ