Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индекс 43.2 хувиар өсжээ
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл
2021 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.3 их наяд төгрөг болж, өмнөх
(2020) оны мөн үеэс 2.7 (28.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул
уурхай, олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1.9 (29.9%) их наяд
төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 637.9 (28.7%) тэрбум
төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна гэж Үндэсний
статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.
Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2021 оны 8 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх (7 дугаар) сараас 23.1 (1.6%) тэрбум төгрөгөөр өслөө. Боловсруулах аж үйлдвэрлэл 37.9 (12.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2021 оны 8 дугаар сард 1.0 их наяд төгрөг болж, өмнөх (2020) оны мөн үеэс 38.1 (3.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Үүнд металлын хүдэр олборлолт 101.0 (14.4%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 15.7 (28.3%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Уул уурхай, олборлолт оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр олборлолт өмнөх (2020) оны мөн үеэс 4.5 хувиас 2.1 дахин нэмэгджээ. Үүнд зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, хүрэн нүүрс болон газрын тосны олборлолт нөлөөлсөн байх юм. Мөн самнасан ноолуур, ус, ундаа, жүүс, цемент, катодын зэс, 99 хувь, согтууруулах ундаа, шингэн сүү, шохой, малын мах, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, янжуур тамхи болон баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.2 хувиас 2.2 дахин өссөн байна.
Аж
үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2021 оны эхний 8 сарын урьдчилсан
гүйцэтгэлээр 16.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.0 (45.3%) их наяд
төгрөгөөр өсжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх (2020) оны мөн үеэс 4.4 (61.9%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 3.2 (61.9%) их наяд төгрөгөөр, нүүрс олборлолтын салбарынх 826.8 (57.3%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолтын салбарынх 398.3 (3.1 дахин их) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 70.9 хувийг металлын хүдэр олборлолт, 21.1 хувийг нүүрс, 6.2 хувийг газрын тос, 1.8 хувийг бусад ашигт малтмал бүтээгдэхүүн эзэлжээ. Эдгээрээс газрын тосны бүтээгдэхүүн өмнөх (2020) оны мөн үеэс 2.4 нэгж хувиар, металлын хүдэр олборлолт 2.3 нэгж хувиар өсжээ. Харин нүүрс 4.2 нэгж хувиар, бусад ашигт малтмал олборлолт 0.7 нэгж хувиар буурчээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны эхний 8 сард 159.5 (2015=100) болж, өмнөх (2020) оны мөн үеэс 43.2 хувиар өссөн байна.
Эдийн засгийн үйл
ажиллагааны ангилал: НҮБ-аас гишүүн
орнууддаа мөрдөхийг зөвлөмж болгосон эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны
олон улсын стандарт ангилалд нийцүүлэн боловсруулсан үндэсний ангилал юм.
Аж үйлдвэрийн салбарын
нийт үйлдвэрлэл: Аж ахуйн нэгж,
байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.
Аж үйлдвэрийн салбарын
борлуулсан бүтээгдэхүүн: Аж ахуйн нэгж,
байгууллагын тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил,
үйлчилгээний хэмжээ юм.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн (биет хэмжээний) индекс: Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг сар бүрийн мэдээлэлд хамруулан судалж, Ласпейрсийн биет хэмжээний индексийн томьёог ашиглан тооцно гэсэн ойлголт, тодорхойлолт ҮСХ хийжээ.