Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.6 хувь нь иргэдийнх байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-23 10:00:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 19.9 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх сарынхаас 426.9 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (14.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 (50.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 16.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 422.6 (2.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 3.8 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 68.2 (6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 нэгж хувиар багасжээ.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 26 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 нэгж хувиар багаслаа.


Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 9.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 160.9 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 940.8 (11 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 48 хувийг бизнес эрхлэх зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 нэгж хувиар, 9.1 хувийг малчны зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1 нэгж хувиар, 6.9 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар, 2.4 хувийг бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар нэмэгджээ.

Харин 28.1 хувийг цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.9 нэгж хувиар, 2 хувийг автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар, 2 хувийг картын зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар, 0.9 хувийг тэтгэврийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 0.5 хувийг өрхийн хэрэглээний зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгж хувиар багаслаа. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн хугацаандаа байгаа 8.7 их наяд төгрөгийн зээлийн 9.3 хувь нь 1 жилийн, 55.7 хувь нь 1-5 хүртэлх, 35 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай байв.


Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт энэ оны 7 дугаар сарын эцэст 960.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 227.9 (19.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 161.7 (20.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Зээлийн эргэн төлөлтийн 27.2 хувийг (261.5 тэрбум төгрөг) хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгж хувиар, 17.5 хувийг (168.5 тэрбум төгрөг) цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 35.8 хувийг (343.9 тэрбум төгрөг) бизнесийн бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 нэгж хувиар нэмэгдэв. Харин 8.6 хувийг (82.4 тэрбум төгрөг) картын зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4 нэгж хувиар, 5.4 хувийг (51.9 тэрбум төгрөг) малчны зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 3.9 хувийг (37.9 тэрбум төгрөг) тэтгэврийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 нэгж хувиар, 1 хувийг (10.1 тэрбум төгрөг) автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 нэгж хувиар, 0.5 хувийг (4.6 тэрбум төгрөг) өрхийн хэрэглээнд суурилсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгж хувиар багасжээ.


Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 148.1 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (43.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл, 34.4 хувийг бөөний, жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 нэгж хувиар, 4.3 хувийг хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин 11.8 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 11 хувийг барилгын салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар, 4.6 хувийг байр, сууц, хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагааны салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 нэгж хувиар, 33.9 хувийг бусад салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 нэгж хувиар багаслаа.


Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 5.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхааас 63.5 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 516.1 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ