Швед дэх Дэлхийн соёлын үндэсний музейтэй хамтран ажиллана

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-09-23 11:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар 9 дүгээр сарын 21-ний өдөр Шведийн Угсаатны зүйн музей, Алс дорнодын эртний эдлэлүүдийн музей, Газрын дундад тэнгис болон Ойрх дорнодын музей, Готенбургийн Дэлхийн соёлын музейг нэгтгэсэн Дэлхийн Соёлын Үндэсний музейн Ерөнхий захирал хатагтай Анн Фоллинтой уулзлаа.

 

Уулзалтаар дээрх музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүх соёлын өв, дурсгалуудыг харилцан судлах, хоёр орны ард түмэнд сурталчлан танилцуулах, музей хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр манай талаас Швед дэх монголын өв, дурсгалуудаар каталог бүтээх, хамтарсан үзэсгэлэн гаргах, хоёр талын музейн мэргэжилтэн судлаачид солилцох болон Швед Улсад өсөж хүмүүжиж буй монгол хүүхдүүдэд эх соёл, түүхээ таниулах зорилгоор монголын холбогдолтой үзмэрүүдийг танилцуулах аялал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг нааштай хүлээн авч цаашид хамтран ажиллахаар болов.

 

Мөн уулзалтын үеэр “Шведийн Угсаатны зүйн музей”-д буй Монголын түүх, соёлын 1500 гаруй өв, дурсгалын зарим үзмэрээс танилцуулав гэж Швед дэх Монголын ЭСЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ