Төсвийн орлого тусламжийн хэмжээ 61 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 08:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (61 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (49.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 9.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (60.8 хувь) их наяд төгрөгөөр багассан байна.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны наймдугаар сард 863 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 367.3 (29.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 82.8 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны зургаадугаар сард 203.1 тэрбум төгрөгийн алдагдалтай, долоодугаар сард 238.9 тэрбум төгрөгийн ашигтай, наймдугаар сард 211.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.5, ирээдүйн өв сангийн орлого 2.2, татварын бус орлого 1.3 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 8 нэгж хувиар багасав.


Татварын нийт орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (45.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.2 (92.1 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 430.6 (31.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 339.4 (33.5 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 198.4 (46.6 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 133.6 (28.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Татварын нийт орлого наймдугаар сард 782.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 373 (32.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татвар 416.1 (81 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 23.9 (25.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 48.8 (24.8 хувь) тэрбум, онцгой албан татвар 9.5 (11.6 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 9.3 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 7.9 нэгж хувиар нэмэгдэж, нийгмийн даатгалын орлогынх 1.6, онцгой албан татварынх 2.2, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.6, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.1, бусад татварынх 0.4 нэгж хувиар багаслаа.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 9.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (14.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (24.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн. Харин хөрөнгийн зардал 538.9 (30.7 хувь) тэрбум төгрөгөөр багассанйг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны наймдугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 82.8 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хөрөнгийн зардал 90.3 (67.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин урсгал зардал 2.1 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 12.8 нэгж хувиар нэмэгдэж, бараа үйлчилгээний зардлынх 10.8, хүүгийн зардлынх 1.4, татаас 0.6 нэгж хувиар багассан аж.


Хөрөнгийн зардал энэ оны эхний найман сарын байдлаар 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 538.9 (30.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд барилга, байгууламжийн зардал 363.6 (33.1 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 118.4 (50.2 хувь) тэрбум, бусад хөрөнгийн зардал 25.1 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 60.5, бусад хөрөнгийн зардал 26, тоног төхөөрөмжийн зардал 9.7, их засварын зардал 3.3, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 6.5 нэгж хувиар нэмэгдэж, тоног төхөөрөмжийн зардлынх 3.7, барилга байгууламжийн зардлынх 2.1, их засварын зардлынх 0.4, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.3 нэгж хувиар багасав.


Хөрөнгийн зардалд энэ оны зургаадугаар сард 187.3 тэрбум, долоодугаар сард 133.9 тэрбум, наймдугаар сард 223.9 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 90.3 (67.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ