Монгол Алтайн байгалийн өвөрмөц тогтцыг дүрсэлсэн А.П.Щетининий уран зургуудыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-24 10:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан ОХУ-ын гавьяат зураач А.П.Щетининий “Унаган төрхөөрөө элбэг баян нутаг: Монгол Алтай” сэдэвт уран зургийн бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 22-нд Оросын Дорно дахины улсын музейд нээв.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Дорно дахины улсын музейн Ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов үг хэлэв. Тэрбээр, ОХУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ оны гуравдугаар сард “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн томоохон үзэсгэлэнг Дорно дахины Улсын музейн төв танхимуудад, түүнчлэн Дорнын эдийн засгийн чуулганы талбарт “Орос-Монгол: сайн хөрш, хамтын ажиллагааны зуун” сэдэвт үзэсгэлэнг Оросын түүхийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан гэдгийг дурдав.

 

Анатолий Прокопьевич Щетинин Монгол оронтой 40 шахам жилийн туршид сэтгэл зүрх, уран бүтээлээрээ холбогдон ажиллаж буйг Элчин зөвлөх Д.Хасар хэлсэн үгэндээ онцлоод өөрийн уран бүтээлийн сор болсон олон арван зургийг Оросын дорно дахины толгойлох музейн гол танхимуудад дэлгэн үзүүлж буйд нь ОХУ-ын гавьяат зураач А.П.Щетининд болон музейн удирдлага, түүнчлэн үзэсгэлэнгийн зохион байгуулагч, түүхийн шинжлэх ухааны доктор В.А.Росов нарын хүмүүст талархал илэрхийлэв.

 

Үзэсгэлэнд ОХУ-ын гавьяат зураач А.П.Щетининий Монгол Алтайн сүрлэг цаст уулс, маргад эрдэнийн гол горхи, сийлж урласан мэт байгалийн өвөрмөц тогтоц, монгол түмний ахуй байдал, зан заншил, аж төрөх ёсыг сэтгэлдээ шингээж, бийрээр дүрслэн буулгасан 70 гаруй уран зургийг дэлгэжээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцсон юм.

 



Холбоотой мэдээ