“Гарц шийдэл аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 17:39:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ныг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг. 


Монголын Аялал жуулчлалын холбооноос ирэх даваа гаргийн энэ өдрөөр “Гарц шийдэл аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгуулна.


Хэлэлцүүлгийн үеэр салбарын үйл ажиллагаа цар тахлын үед хэрхэн өрнөж, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан болон, цаашдаа нөхцөл байдалд дасан зохицож бизнесээ үргэлжлүүлэх, юуг анхаарах, төр засгаас шийдэл гаргахад биднээс шалтгаалах, нөлөөлөх хүчин зүйлс юу байгааг ярилцана.


Түүнчлэн, аялал жуулчлалын салбарын бодит дүр төрх, цаашдын оролцоо, ач холбогдол, хүртээмжтэй байх арга замыг тодорхойлж гарц, шийдлийг төр засгийн бүх шатны байгууллагад хүргэхээс гадна илтгэгч, оролцогчдоос гарсан гарц шийдлийг нэгтгэн, БОАЖЯ-нд бичгээр хүргэх аж.


Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байв. Ингэснээр дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.


ДАЖБ-ын гишүүн 154 орон 1980 оноос, харин Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Холбоотой мэдээ