Нийслэлийн өвлийн бэлтгэл 96.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-24 19:03:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2021-2022 оны өвлийн бэлтгэл  96.5 хувийн гүйцэтгэлтэй байна.


Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж буй 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж байна. Үлдсэн хоёр байрны халаалтыг есдүгээр сарын 28 гэхэд өгнө” гэдгийг Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дуулгалаа.


Сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг 10 дугаар сарын нэгнээс ажиллуулна. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрийн ихэнх нь 1960-1980 оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажил өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлагатай ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэйг Хотын дарга хэлж байв.


Түүнчлэн, хотын захад, алслагдан гэр хорооллын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хийн түлшинд холбож эхэлжээ. Одоогоор 16 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд холбоод байгаа аж. Өвөл хүндрэл учруулж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газрыг шалгахад 5 цэцэрлэг, 6 сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засвар зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгасныг хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэлээ.


Өвлийн  бэлтгэл хангах хүрээнд Хот тохижилтын газар, нийслэлийн есөн  дүүргийн ТҮК-иуд нийт 4000 тн гаруй давс, мөн тооны бодис нөөцөд бэлтгэдэг. Одоогоор 500 гаруй тонн  давс,  1766.7 тн бодисын нөөцтэй байна. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар тендер зарлаж, гүйцэтгэгчийг нь шалгаруулжээ. 

Холбоотой мэдээ