Л.БАТ-АМГАЛАН: КИМ КИ ДУКЭЭС АСУУНА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-09-24 20:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


74 дэх удаагийн Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрөөс “Butcher” кино төсөл шалгарч “Open Doors – Moulin D’ANDE-CECI award” кино зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэв. Уг төслийг санаачлагч нь “Гайхамшигт нислэг”, “Од ба Гэгээ” зэрэг киноны найруулагч, “Media Crackers” компанийн захирал, продюсер Л.Бат-Амгалан юм.


Түүний “Гайхамшигт нислэг” кино нь “The Smalls” олон улсын богино хэмжээний кино наадмын “Шилдэг Драм” төрөлд шалгарснаас гадна Лондоны олон улсын богино хэмжээний кино наадамд сонгогдож, “Алтан хальс” 2017 олон улсын индепендент кино наадмын “Шилдэг монгол хүүрнэлт кино” шагналыг хүртэж байв. Манчестерийн  Мөн “Од ба Гэгээ” кино нь 2018 оны Бусаны олон улсын кино наадмаар 7000 үзэгчтэйгээр дэлхийн нээлтээ хийснээс гадна 10 удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн киногоор шалгарч байв. Харин "Good Old Days" баримтат кино нь Нью-Йорк, Лос Анжелес, Токио, Бусаны кино наадамд оролцжээ.


-“ОД БА ГЭГЭЭ”-ЭЭС ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ ХАРАГДАНА-


-Өнгөрсөн сарын эхээр “Butcher” гэдэг кино төслөөрөө “Локарно” олон улсын кино наадмаас шагнал хүртсэн. Киноныхоо санааг хэрхэн боловсруулсан бэ? Уг шагналыг хүртсэн кино төслийнхөө тухай яриач...


-“Butcher” кинонд Монголчуудын өдөр тутмын амьдрал ахуйг харуулсан. Мөн үндсэн санаа нь өдөр тутмын амьдралаас гадна ойр дотны гэж боддог төрөл садангийн хүмүүсийн хоорондын харьцаанаас үүдэлтэй. Уг кино төслөөрөө Грант буюу тэтгэлэг авсан. Уг тэтгэлэг нь Франц улсад хоёр сарын хугацаанд кино зохиолоо бичиж, бусад зохиолын мэргэжилтнээс зөвлөгөө авах боломж олгодог.   


-Орон орны кино найруулагчид өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Таны кинондоо тусгасан, зөвхөн таных гэж мэдэж болох онцгой арга барил юу юм бол оо?


-Улс үндэстэн бүр өөрсдийн ёс заншил, соёлын олон төрхөөрөө ялгарна. Түүнээс бус кино өөрөө “юниверсал хэл”-тэй гэж би боддог. Харин миний онцлогийг хийсэн киноноос маань үзэгчид л ялган харж чадах болов уу.


-Ихэнх монгол кинонд монголчуудын ахуй байгаль, уламжлалт ёс заншлыг их, бага хэмжээгээр дүрслэн үзүүлэхийг зорих болсон. Киноноос нь заавал монгол үнэртэж байх ёстой гэсэн бичигдээгүй дүрэм байдаг мэт. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?


-Монголын ахуй, ёс заншлыг дүрслэн үзүүлэх нь буруу юм биш. Үүнд л улс үндэстний гэх дүр төрх, онцлог агуулагдана. Гол нь киноны агуулгатай хүчээр нийлүүлчихээр хуурамч зураглал, утга санааг тээж үзэгчдэд амьгүй, хоосон сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс уламжлалт ахуй, соёлыг кинондоо хэрхэн ашиглахаас шалтгаална.




-Францад эхлүүлэх шинэ кино төслийнхөө ажил руу хэзээ орох вэ? Аль эсвэл орчихсон байгаа юу?


-Орчихсон гэж хэлж болно. Кино зохиолоо эхний байдлаар бичээд дуусчихсан. Одоо хянан засварлах, нэмж хөгжүүлэх зэрэг ажил хийгдэж байгаа.


-Бид сүүлийн жилүүдэд цар тахлын хүндхэн нөхцөлд байгаа. Энэ нь уран бүтээлийн ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?


-Миний хувьд бол цар тахлын нөлөө уран бүтээлч хийх явцад хүндрэл учруулсан зүйл алга. Харин ч энэ үеийг ашиглаад элдэв зүйлд сатааралгүй урд минь хүлээж байгаа ажлаа хийж байна.


-Бүрэн хэмжээний бүтээл, богино  жанрын кино хоорондоо юугаараа ялгаатай вэ?


-Үзэхэд нэг их анзаарагдахгүй л дээ. Гэтэл яг хийх явцад, бүтээл болгоход асар том ялгаа гардаг. Зохиолын өрнөл, эргэлтээс авахуулаад бүх зүйл нь тэнгэр, газар шиг зөрөөтэй. Мөн цаг хугацаа ч яригдана. Тэгээд л төсөв, хүн хүчний асуудал ар араасаа ундрана даа.


-“Локарно”-гийн тайзнаа “Од ба Гэгээ” киногоо мөн үзэгчдэд толилуулсан. Үзэгчидтэй киноны талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан уу?


-Энэ киноноос нүүдэлчдийн ахуй, ёс заншил бус орчин үеийн суурин иргэншилд шилжсэн монголыг олж харна. Мөн их хотын амьдрал, орчин үеийн хөгжим, тэр дундаа залуусын харилцааг товойлгож өгсөн. Тиймээс өмнө харж байгаагүй монгол орон гардаг учраас үзэгчдэд их л сонирхолтой байх шиг байсан. Ямартаа ч үзэгчдийн сэтгэгдэл надад тэгж л мэдрэгдсэн дээ.




-Тус кино өмнө нь Бусаны кино наадамд мөн нээлтээ хийж байсан шүү дээ. Тэгэхээр хоёр өөр тивийн үзэгчдэд хүрсэн гэсэн үг. Үүн дээр ч бас киног үнэлэх үнэлэмжийн тодорхой ялгаа харагдаж байсан уу, үгүй юу?  


-Миний хувьд нэг их ялгаа харагдаагүй. Азиуд сэтгэл хөдлөл ихтэй хүлээж авдаг бол Европууд критик, дүгнэлт хийдэг. Басхүү үзэж буй өөр орны киноноос шинэ зүйл олж мэдэхийг зорих хандлага илүү байдаг шиг санагдсан.


-“Од ба Гэгээ” киног яагаад заавал хөгжим, дууны сэдэв дээр тулгуурлаж бүтээсэн юм бол оо?  


-Дуу хөгжим гэдэг миний хувьд чухал зүйлсийн нэг. Тэр тусмаа хөгжмөөр дамжуулж хувь хүний сэтгэлд хүрэх нь илүү дөт зам шиг санагддаг. Тийм ч учраас “Од ба Гэгээ”-г хөгжимлөг кино болгон бүтээсэн. Гэхдээ би бол энгийн л сонсогч. Харин кино хийх явцад хөгжмийг бүтээгч болох завшаан олддог. Энэ утгаараа надад эерэг, гоё мэдрэмжийг төрүүлж байсан.


-МИНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ БОЛ “ГАЙХАМШИГТ НИСЛЭГ”-




-Кино салбарт техник технологи их чухал. Эдгээр нь өөрчлөгдөхөд дагаад найруулагчийн арга барил өөрчлөгддөг гэдэг. Энэ талаар яриач?


-Найруулагч хүн өөрийн гэсэн тогтсон арга барилтай бол ямар ч хэрэгслээр сайн кино хийж чадна. Технологи бол найруулагчид илүү их нөөц, боломжийг олгодог.


-Та уг нь холбооны инженер мэргэжилтэй. Гэтэл одоо кино найруулагч гэх нэрийг зүүж явна. Анх кино хийх оролдлого юунаас үүдсэн бэ?


-Оюутан байхдаа нэг продакшн компанид ажилд орж тодорхой хэмжээний дэлгэцийн бүтээл хийх туршлагтай болсон. Улмаар 2009 онд Бусаны кино наадмын тусгай хөтөлбөр болох “Азийн  кино академи”-д явж суралцсан. Тэгснээр кино уран бүтээл рүү эргэлзэлгүй орж, энэ чиглэлээр түлхүү ажиллах болсон доо. Багадаа зураг сайн зурдаг байлаа. Тэгээд ч кино урлагт сонирхолтой хүүхэд байсан. Тэр бүгд нийлээд кино найруулагч болоход минь нөлөөлсөн болов уу.


-Олж авсан холбооны инженерийн мэдлэг кино хийхэд тань тус болж байсан удаа бий юу?   


-
Кино бүтээхэд логик сэтгэлгээ маш их шаардагддаг. Мөн бүх төрлийн кино бүтээх техник технологийг мэддэг. Басхүү ихэнхийг нь ашиглаж чадна. Тиймээс ч инженерийн чиглэлээр сурсан маань кино хийхэд их бага ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг гэж боддог.


-Таныг “Гайхамшигт нислэг” киногоор үзэгчид түлхүү мэддэг болсон. Олон улсын кино наадмуудаас ч нэлээдгүй шагнал хүртэж байсан. Түүх нь өөрөө их гунигтай, харин дэлгэцэнд гэгээлгээр зурж өгсөн шүү дээ. Энэ талаар яривал...


-Хамгийн их үр ѳгѳѳжтэй шилдэг бүтээл маань гэж боддог. Мѳн уг киногоо миний үеийн тэдгээр эндсэн залуусын гэгээн дурсгалд зориулагдсан “трибют” бүтээл гэж хардаг. Гунигтай түүх байж болно. Гэхдээ заавал гунигтай чигээрээ хүмүүсийн дотор оршсоор байна гэсэн хууль байхгүй. Тэгээд ч ямарваа нэгэн гунигтай түүх өөрийн гэсэн гэрэл гэгээг дотроо агуулж болно шүү дээ.


-Кино болгочихмоор зохиол, түүхүүдтэй хэр олон учирсан бэ?


-Ер нь тэгээд бүх л кинонууд амьдарлаас л үүдэлтэй байдаг. Тэгэхлээр зарим түүхийг найруулагч зохиолчын үүднээс байнга шинжиж, ажиглаж явдаг. Энэ утгаараа ихэнх зохиол маань хэн нэгний амьдралд болж өнгөрсөн түүхүүдтэй холбоотой гэж хэлж болно.


-Заримдаа хийж буй зүйл гацчих явдал уран бүтээлч хүн бүрт тохиолддог. Тэр мөчид бүтээлч байдлаа өдөөхийн тулд хийдэг үйлдэл бий юу?


-Хийж байсан зүйлээ орхиод өөр зүйл хийдэг. Угаасаа нэгэн зэрэг хоёроос гурван ажил байнга хийгдэж байдаг. Тийм болохоор хооронд нь ээлжилж хийгээд дадчихсан учраас нэг зүйл дээр гацах тохиол гарахгүй, болоод байдаг юм.

-ИХЭНХ КИНО НИЙГМИЙН ШААРДЛАГААР БҮТЭЭГДДЭГ-



-Та нэг ярилцлагадаа дуртай найруулагчаар Ким Ки Дукийг нэрлэсэн байсан. Арт хаус киноны өмнө нэгэн үеийн бүхлээр нь уяж орхисон эрхэм. Энэ найруулагчийн бүтээлүүдээс юуг нь онцлон олж харсан учраас үзэх дуртай вэ?


-
Найруулагчийн арга барил их таалагддаг. Мөн үйл явдлын түүхийг ѳгүүлэх киноны хэл нь уран бѳгѳѳд хүчтэй байдаг. Энэ чанар л түүнийг бусад найруулагчдаас онцгой болгодог.


-Ким Ки Дук заримдаа камераар ахуйг, өөрийнхөө мэдрэмжийг, жүжигчдээ хүртэл нидрээс өнгөрөх шиг л санагддаг. Танд ийм сэтгэгдэл төрүүлж байсан уу?


-
Байнга л хүчтэй сэтгэгдэл тѳрүүлдэг. Тийм болохоор дуртай.


-Дуртай найруулагч гэснээс таны хамтарч уран бүтээлээ хийдэг Иан Эллардайс ямар онцлогтой найруулагч гэж боддог вэ?


-Олон жил хамтарч ажиллаж байна. Хүн ер нь хоорондоо сайн ойлголцдог байх нь их чухал гэж боддог. Бид яг л тийм, хамт ажиллахад амархан, сайн ойлголцож чаддаг хамтрагчид. Бас их “креатив” хүн л дээ.


-Сайн найруулагч, сайн кино зохиол. Та алийг нь илүүд үзэх вэ?


-Би хоёуланг нь сонгоно. Учир нь кино бүтээхэд бүх зүйл нь жигд, сайн байх ёстой. Тэгж байж сайн уран бүтээл бий болдог жамтай.


-Зарим киног нийгмийн шаардлагын дагуу хийдэг. Жишээ нь манай алтан үеийн монгол кинонууд тухайн үеийн “нэгдэлжих” хөдөлгөөнийг илтээр сурталчилсан байдаг. Тийм киноны ихэнх нь хуучирдаг, мартагддаг. Тэгвэл цаг хугацаанд үл элэгдэх сайн бүтээлийг та үүнээс хэрхэн салгаж тодорхойлох вэ?


-Миний бодлоор ихэнх кинонууд нийгмийн шаардлагаар л бүтээгддэг. Тэр дунд  зохиогчийн болоод сэтгэлгээний ахуйгаас ангид кинонууд нь арай удаан амьдардаг болов уу. Түүнээс биш бүх л кино цаг хугацааны эрхээр хуучирч тухайн нийгмийнхээ толь, түүх нь болж үлддэг.


–Сүүлийн үед залуус киноны тухай санал, сэтгэгдлээ солилцож цахимд өөрсдийн бодлыг бичих нь нэлээд түгээмэл болсон. Та шүүмжлэлд ямар байр сууринаас ханддаг бол?


-Голдуу төвийг сахисан байрь сууринаас ханддаг. Мэдээж магтаалд урам авна. Тэглээ гээд шүүмжлэлд гутраад байдаггүй. Угаасаа "IMDB" дээр 9.9 үнэлгээтэй киног  ч хүмүүс шүүмжилж л байдаг шүү дээ.   


–Энэ дэлхийн агаараар амьсгалахаа больсон нэг найруулагчаас асуулт асуух боломж гарвал хэнд ямар асуулт тавих байсан бэ?


-Дараагийн кино чинь юу байсан бэ? гэж Ким Ки Дукээс асууна.

 

Холбоотой мэдээ