Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 07:55:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд “Эрчим хүчний асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэг”-т цахимаар оролцлоо.


Энэ үеэр эрчим хүчний хангамж, хүртээмж, шилжилт, хүртээмжтэй зөв шилжилтийн замаар тогтвортой хөгжлийг хангах, инновац, технологи, тоон мэдээлэл, санхүүжилт ба хөрөнгө оруулалт гэсэн 5 чиглэлийг чухалчлан, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээд түвшний хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “НҮБ-ын платформыг ашиглан Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт (Нийт хүн амыг төлбөрийн чадварт нь нийцсэн, найдвартай, тогтвортой, сэргээгдэх эрчим хүчээр хангах)-ыг хэрэгжүүлэхэд авч буй арга хэмжээ, тулгамдаж буй бэрхшээл, шийдлийн талаар улс орнууд хамтдаа ярилцах нь хамтын ажиллагааны нөөц боломжийг таниулах ач холбогдолтой.


“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн гол зарчимд үндэслэн УИХ-аас “Монгол Улсын Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлан өөрийн хөгжлийн онцлогт нийцүүлэн өрсөлдөх чадвартай, олон тулгуурт хүртээмжтэй эдийн засгийн бүтэцтэй болж, зохистой ажлын байрыг олноор нэмж, ажилтай, орлоготой болох нөхцөл бүрдүүлж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн томоохон зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо.


Энэхүү дээд түвшний хэлэлцүүлэг нь 1981 онд Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо "Эрчим хүчний шинэ болон сэргээгдэх эх үүсвэрийн асуудлаар" НҮБ-ын бага хурлаас хойш анх удаа зохион байгуулж буй дэлхийн түвшний цугларалт аж.


“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилт, эрчим хүчний асуудлын хэрэгжилтийг дэмжих зорилготой хэлэлцүүлэгт 40 гаруй улс орны төр, засгийн тэргүүн нар оролцжээ. 

Холбоотой мэдээ