Түгжрэлийг багасгах, төвлөрлийг сааруулах талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 09:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахимаар уулзлаа.


Энэ үеэр Хотын дарга Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэх арга замыг танилцуулж, талууд хотын авто замын түгжрэлийг багасгах, хэт төвлөрлийг сааруулах, суурь дэд бүтцийг сайжруулах талаар санал солилцов.


Хотын дарга, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн баталж, нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдсэнийг дурдаад, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хөрөнгө санхүүгийн зөв бүтэц, зохион байгуулалт чухлыг онцолсон юм.


Мөн Засгийн газрын дэмжлэгээр Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг багасгах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, дэвшилтэд технологи бүхий замын хөдөлгөөний нэгдсэн системтэй болох, зам тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлж байгаагаа илэрхийлэв.


Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа Улаанбаатар хотын хөгжил, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэхээр хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, үйл ажиллагааны талаар мэдээлж, танилцуулсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлаар хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.   

Холбоотой мэдээ